БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдах талаар АХБ-ны тайланд дурджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-26 19:27:22


Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-ны Суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал, төлвийн талаар мэдээлэл хийх үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн талаар тус банкны ахлах эдийн засагч Деклан Магий мөн танилцуулга хийв.

Энд мэдээлснээр дээрх бүс нутагт дотоодын эрэлт хэрэгцээ их байх нь. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр, Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт тогтворжсон зэргээс хамаарч Азийн хөгжиж буй ихэнх улс орны эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдаж байна. Гэвч, улам бүр ширүүсч буй худалдааны сөргөлдөөн нь тус бүс нутгийн чадварыг шалгахын зэрэгцээ бүсийн улсуудын хоорондын худалдаа, харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлыг улам бүр мэдрүүлж байна хэмээн АХБ-ны тайланд цохон тэмдэглэжээ. “Бүс нутгийн эдийн засгийн өсөлт гадаад сорил бэрхшээлийг даван туулж, тогтворжино. Үүнд БНХАУ, Энэтхэгийн дотоодын эрэлт өссөн нь эергээр нөлөөлж байна” гэж АХБ-ны Тэргүүлэх эдийн засагч Ясуюки Савада мэдэгджээ. “Худалдааны сөргөлдөөн хурцадсанаас үүдэн олон улсын үйлдвэрлэлийн харилцаа холбоо тасрах нь бүс нутгийн эдийн засаг цаашид өсөхөд тулгарч буй гол эрсдэл юм. Гэхдээ одоог хүртэл тавигдаад байгаа худалдааны хязгаарлалтуудын шууд нөлөөнд бүс нутгийн эдийн засгийн өсөлт төдийлөн өртөхгүй болов уу” хэмээн тэмдэглэсэн байна. 

Дотоодын эрэлт сайн байгаа нь бүс нутгийн томоохон орнуудын эдийн засагт гол түлхэц болж байна. Харин Казахстан зэрэг эрчим хүч экспортлогч орнуудын хувьд газрын тос, байгалийн хийн тааламжтай үнэ эерэг өсөлтийг авчирч байна. Үүсэн бий болж буй бэрхшээлүүд нь бүс нутгийн цаашдын өсөлтийн төлөв байдлыг тодорхойгүй байдалд оруулж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Худалдааны сөргөлдөөн хурцдаад зогсохгүй хөрвөх чадвар сайтай хөрөнгө хомсдсоор байгаа нь ирэх онуудын хэтийн төлвийг улам бүрхэг болгож болзошгүй байгаа юм. Аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн өсөлт 4 дүгээр сард хийсэн төсөөллийн түвшинд хадгалагдаж, 2018 онд 2.3 хувь, 2019 онд 2 хувиар тус тус өснө хэмээн АХБ тооцжээ Хэрэглэгчдийн худалдан авалт, олон тооны шинэ ажлын байр зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр АНУ-ын эдийн засгийн өсөлт өндөр байна. Харин Евро бүс, Японы эдийн засгийн сэргэлт оны эхний саруудад саарах хандлагатай байсан учир 2018 оны өсөлтийн төсөөллийг бага зэрэг бууруулж тооцжээ. Мөн АНУ мөнгөний бодлогынхоо хүрээнд тэнцвэртэй арга хэмжээг авах тул инфляцийн дарамт учрахгүй хэмээн үзсэн байна.

БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл энэ оны эхний хагаст дотоодын өндөр хэрэглээ, үйлчилгээний салбарын хурдацтай тэлэлт зэргийн нөлөөгөөр эерэг сайн гарсан. 2018 оны өсөлтийн төсөөлөл хэвээр буюу 6.6 хувьд байхаар ажиглагдаж байгаа бол 2019 оны өсөлтийн төсөөллийг 6.3 хувь болгон бууруулсан нь эрэлтийн өсөлт саарах, худалдааны сөргөлдөөн ширүүсэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэнтэй холбоотой юм. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжигдэх нийлүүлэлт талын шинэчлэлийн үр дүнд эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилнэ хэмээн АХБ-ны тайланд дурджээ.

Тодруулга: АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

 

Холбоотой мэдээ