АХБ:Эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөхөд төр, засгийн бодлого чухал үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-26 14:08:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувийн өсөлттэй гарсан талаар АХБ-ны Суурин төлөөлөгчийн газраас хийсэн хэвлэлийн хурал дээр мэдээллээ.  Өмнөх оны тооцоолж байсан 4-6 хувийн өсөлтийг ахиулсан дээрх үзүүлэлтэд нүүрсний экспорт өссөн, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, иргэдийн (өрхийн) зээл олголт нэмэгдэж хэрэглээ өссөн зэрэг нь нөлөөлж буйг АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий танилцууллаа.

Зарим аймаг орон нутаг гантай байснаас МАА-н үйлдвэрлэл доголдсон ХАА-н салбарын эдийн засагт эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болон буурсныг эс тооцвол нүүрсний экспорт өссөнөөр уул уурхайн салбар эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсныг онцолж байв. Дүгнэж хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд таамаглаж байсан 6 хувийн өсөлтөөс давсан гэдгийг АХБ-ны Суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен тэмдэглэв.

Эдийн засгийн өсөлтийн гол нөлөөлөл үзүүлж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотой хэрэглээ нь ДНБ-ийн 3.9 хувийг тус тус бүрдүүлж байна. Энэ жил уул уурхайн салбарын хувьд үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлсөн талаар мэдээлэв. Инфляцийн түвшин энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.5 хувиар өссөн нь зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл нөлөөлсөн гэж АХБ банк үзэж байна. Эдийн засгийн байдал цаашид ямар байх талаар АХБ-наас мэдэгдэхдээ, “Өнөөгийн өсөлт хэвээр хадгалагдах боловч хөрөнгө оруулалт бага хэмжээгээр саарч ирэх оны өсөлт 6.1 хувьтай байна. Шатахууны үнийг тогтворжуулах зорилго бүхий бодлогын алхамууд хийвэл инфляцийн төлөв байдал өсөхгүй байх эерэг хандлагууд хадгалагдана” гэж эдийн засагч Деклан Магий хэлж байв. Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төлөв байдлаас харахад шатахууны үнэ тогтвортой байна гэдгийн тооцоолол, бодлого, инфляци дахь нөлөөллийн талаар тодруулна уу? Ургац хураалтын үетэй давхцаад шатахууны үнэ нэмэгдвэл оны эцэст инфляцад нөлөөлөх эрсдэл бий юу?

Ахлах эдийн засагч Деклан Магий

-Газрын тосны нэг баррелын  үнэ  өнөөдөр 80 ам.доллар хүрсэн нь сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Энэ нөхцөл байдал удаан  үргэлжилсэн тохиолдолд шатахуун импортлогч Монгол Улсын хувьд  сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй. Гэсэн хэдий ч энэхүү төлөв хандлагыг шинжлэн үзсэний үндсэнд инфляцын төлөвийг тогтвортой байна гэсэн таамгийг дэвшүүлж байгаа.  Газрын тосны хувьд төсөөлөл таамаг гэдэг нэлээд ярвигтай асуудал. Яагаад гэвэл үнийн нөхцөл байдал нь газрын тосны үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй геостратегийн асуудлаас  хамаардаг.

-Оны эхний найман сард төгрөгийн ам. доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа. Өрийн дарамт, ханшийн сулралтаас үүдэн ирэх оны эдийн засгийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

-Ханшийн сулрал 1.5 хувьтай гарсан нь  бодит үзүүлэлт. Таамаг  биш. Монгол төгрөг ам.долларын эсрэг суларч байгааг анхаарах ёстой асуудал. Монгол Улсын хувьд гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байдаг учраас ам.долларын өсөлтийн эсрэг хамгааллын арга хэмжээ болох нөөц маш чухал. Тиймээс нөөцөө  улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай.

-Америк, Хятадын худалдааны сөргөлдөөн Монгол Улсад  ямар эрсдэлийг дагуулах вэ. Ялангуяа коксжих нүүрс , алтны экспортод нөлөөлөх үү?

-Үүнийг бид анхааралтай ажиглаж байгаа. Сөргөлдөөнд хамгийн их өртөх нь БНХАУ гэж үзэж байгаа. БНХАУ нь Монгол Улсын  худалдааны хамгийн том түнш учраас Монгол Улстай уялдуулах авч үзэх ёстой. Нүүрсний экспортын өсөлт хэвээр хадгалагдана гэдгийг хоёрдугаар улирлын дүн үүнийг баталж байна. Гэхдээ худалдааны сөргөлдөөн үргэлжилсэн хэвээр ялангуяа гангийн асуудлаар талууд сөргөлдсөн тохиолдолд коскжих нүүрсэнд нөлөөлж болзошгүйг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч Монгол Улс Хятадын уламжлалт нүүрсний экспортлогч улс нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тодорхой давуу талууд байдаг. Монголчууд байгалийн баялгаа ойр орчмын зах зээлүүдэд нийлүүлдэг. Тиймээс нүүрсний экспортын өсөлт хадгалагдана гэж үзэж байгаа.

Суурин төлөөлөгч Ёланда Ф.Ломмен

-Сөргөлдөөний  үр дагавар  одоохондоо төдийлөн мэдрэгдсэнгүй. Гэсэн хэдий ч хүлээгдэж буй дараагийн хориг арга хэмжээ, тарифын өсөлт 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд  хангагдах ёстой.  Энэ тохиолдолд хэрэгжих дараагийн арга хэмжээ нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. БНХАУ-ын хариу арга хэмжээ ямар байхаас шалтгаална. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, харилцан хэрэгжүүлж буй худалдааны хязгаарлалтууд, тарифын үр нөлөөнд БНХАУ-ын ДНБ нэг хувиар, АНУ-ын 0.2 хувиар буурна гэсэн таамгийг дэвшүүлж байгаа. Энэ нь Монгол Улсын  нүүрсний экспортод  нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэсэн хэдийн БНХАУ бол томоохон эдийн засагтай улс учраас нүүрсний эрэлт хэрэгцээ нь  өндөр хэвээр байх болно.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ