"ФИФА"-гийн ерөнхийлөгчид 5 хүн нэр дэвшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-02-26 12:51:13

ЦЮРЫХ. /NHK/. Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага “ФИФА”-гийн удирдлагууд шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тус байгууллагын халаагаа өгөх гэж байгаа ерөнхийлөгч Зепп Блаттер авлигын хэрэгт холбогдсоны улмаас хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан билээ.

“ФИФА”-гийн ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшсэний хоёр нь ялах магадлал өндөр байна. Учир нь тэд дэмжлэг авах тохиролцоо хийсэн гэж мэдээлжээ.

Тэдний нэг нь Азийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Бахрейны Шейх Салман бин Ибрагим Аль Халифа юм. Зарим хэвлэлд мэдээлснээр, “ФИФА”-гийн ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг авах тухай санамж бичгийг Салман 56 гишүүнтэй Африкийн холбоотой байгуулсан байна.

Харин нөгөө нэр дэвшигч нь “УЕФА”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Жанни Инфантино бөгөөд тэрбээр хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ зургаан жилээр хасуулсан, “УЕФА”-гийн ерөнхийлөгч Мишель Платинигийн баруун гар ажээ.

Инфантино “УЕФА”-гийн гүйцэтгэх хорооны 54 гишүүний дэмжлэгийг авсан гэж зарим хэвлэлд мэдээлсэн байна.

Мөн Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард нэр дэвшсэн боловч Зепп Блаттерт ялагдсан билээ. Түүнээс гадна, “ФИФА”-гийн үйл ажиллагаанд 10 гаруй жил идэвхтэй оролцсон Францын дипломатч асан Жером Шампань, Өмнөд Африкийн бизнесийн магнат Токио Сэксвали нар сонгуульд нэр дэвшиж байна. Токио Сэксвали улс төрийн үйл ажиллагааныхаа улмаас Нельсон Манделагийн хамт 13 жил шоронд хоригджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ