Эрүүлийг хамгаалах салбарынхан түүхт ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-22 11:45:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үе үеийн хамт “Ерөөл билэгдсэн 90 жил”-ийн ойгоо есдүгээр сарын 21-нд тэмдэглэж, баярын хурал, хүндэтгэлийн  тоглолтоо зохион байгууллаа.

Одоогоос  90 жилийн тэртээ Арвайхээр хошууны захиргааны дарга Самбуу гэдэг хүн Хятад пүүсийн газраас хоёр өрөө жижиг модон байшин худалдан авч, нэг өрөөнд нь Зөвлөлт Улсаас  урилгаар ирсэн С.А. Гулаевыг сувилагч гэргийн хамт байрлуулж, нөгөө өрөөг нь өвчтөн хүлээн авах үзлэгийн өрөө болгож байсан нь  эдүгээ  1400 гаруй эмч, мэргэжилтэн, ажилтантай томоохон салбарын эхлэлийг тавьжээ.

Эрүүл энхийг сахин хамгаалах ээлжгүй манаанд зогсож, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрхэм үүргээ биелүүлэн зүтгэж ирсэн, ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл цагаан нөмрөгтнүүдэд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар баяр хүргэж, талархал дэвшүүллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ