Архинаас болж амиа алдлаа гэх хэргийг Цагдаагийн газар шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-20 10:33:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн МАН-ын бага хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархсан. Хэргийн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл өгсөн. Одоогоор тухайн асуудалд ямар нэгэн нам, улс төрийн буруутай эсэх нь тогтоогдоогүй,  шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Ганчимэг “Хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний үзлэгээр ямар нэгэн гадны нөлөөтэй гэх зүйл илрээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсаны дараа хэргийн шалтгаан болон дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор дахин өгнө.

Тиймээс иргэдийг эцсийн дүгнэлт гараагүй байхад худал ташаа мэдээлэл цацахгүй, албан ёсны баталгаат эх сурвалжгүй мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулж байна” гэв.

Дээрх хэрэг есдүгээр сарын 17-нд гарсан бөгөөд аймгийн МАН-ын хорооны ээлжит бага хурал өндөрлөснөөс хойш 4-5 цагийн дараа иргэн Б-гийн бие тавгүйрхэж, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан аж. Иргэн Б нь 50 орчим настай, Эрдэнэцагаан сумын зургадугаар багийн Засаг дарга ажилтай байжээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ