Кристофер Шолес: Зэвсэгт хүчин байгаль орчноо хамгаалах өндөр үүрэг хариуцлага хүлээдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-18 18:04:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮБХИС-ийн Олон улсын хурлын танхимд эхэлсэн “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” олон улсын форумд  Монгол, Австрали, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Шинэ Зеландын Батлан хамгаалахын болон Байгаль орчны 60 орчим төлөөлөл чуулж байна.


Чуулганы талаар ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал Л.Батцэнгэлээс тодруулав. Тэрбээр “Хүрээлэн буй орчны аюулгуй байдлын асуудал нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэг чиглэл. Тиймээс энэ асуудалд батлан хамгаалахын салбар зайлшгүй оролцох үүрэгтэй. Энэ форумд цэрэг хүчний байгууллагын төлөөллүүд цэргийн ажиллагаанаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах талаар илтгэл хэлэлцүүлж, дүгнэлт гаргана” гэв.

 

Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Байгаль орчны хөтөлбөрийн менежер Кристофер Шолес, “Зэвсэгт хүчин бол байгаль орчноо хамгаалж, хүндлэх өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хөтөлбөрийг бид зохион байгуулахын зэрэгцээ дараагийн жилүүдэд хүрээлэн буй орчныг хамгаалах асуудалд цэргийн байгууллага ямар арга хэмжээ авах талаар төлөвлөнө. Энэ форумаар цэрэг хүчний байгууллагын зүгээс байгаль орчны тулгамдсан асуудалд хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцана” гэв.

 

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, “Хүрээлэн буй орчны асуудал өргөн цар хүрээтэй. Байгаль орчны тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй ойгүйдэл. БХЯ-тай хамтран ойжуулалтын аян дээр хамтарч ажиллаж ирсэн. Тухайлбал хүн хүрэхэд хүндрэлтэй өндөр тайгын бүсэд зурвас байгуулах ажлыг тус яамны харъяа цэргийн байгууллага гүйцэтгэж мод тарих ажилд нэгдэж байсан. Тус форум нь тодорхой бүс нутагт байгаль орчны асуудлыг эрсдэл гаргалгүй шийдсэн бусад орны туршлагаас суралцах нөгөө талдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой” гэв.

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр буюу маргааш ҮБХИС-ийн цэргийн сургуулилтын талбайн хүрээлэн буй орчин, Шархадны Цагаан давааны хогийн цэг дээрх хөрсний бохирдол зэргийг бодитоор үзэж гарч буй эрсдлийн талаар санал бодлоо солилцоно.

С.Мөнхбаатар

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ