Монголын хөгжмийн зохиолч, дуучдын 10 мянган дууг кодлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-02-25 09:51:36

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ буюу зохиогчийн эрхийг хамгаалах оюуны өмчийн байгууллага нь CISAC буюу олон улсын зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгүүдийн холбоонд гишүүнээр элсэж, хамтран үйл ажиллагаа явуулж буй талаар өчигдөр мэдээллээ.

120 орны 230 гаруй гишүүн нийгэмлэгүүдтэй CISAC нь гурван сая гаруй дуу, шүлэг, дуурь, уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлчдийг төлөөлдөг, зохиогчийн эрхийг хамгаалдаг, ашгийн бус олон улсын байгууллага бөгөөд манай улс энэ холбоонд гишүүнээр элссэн төдийгүй Япон, Солонгос, Австрали, Англи, Швейцарь, Герман, ОХУ, Казакстан зэрэг 10-аад улстай харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа юм.  

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар “MOSCAP нь одоогоор монголын нэрт яруу найрагч, хөгжмийн зохиолчдоос авахуулаад шинэ залуу уран бүтээлчдийг багтаасан 300-аад гишүүдтэй бөгөөд тэднийг төлөөлөн, эрх ашиг, зохиогчдийн онцгой эрхийг хамгаалан ажиллаж байна. Монголд зохиогчийн эрхийн талаарх нэгдсэн ойлголт дутмаг, хэн нэгний бүтээлийг дураараа аваад ашиглах явдал түгээмэл байна” гэв.

“Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хүрээнд MOSCAP нь үгтэй болон үггүй бүтээлийн эрх эзэмшигчийн бүтээл ашиглах онцгой эрхийг өөрийн болон гадаад улсад түүнчлэн гадаад орны зохиогчдын бүтээлийг өөрийн оронд харилцан хамгаалах, бүтээлийг нийтийн хүртээл болгон сурталчлах зорилготой бөгөөд эхний ээлжинд Монголын хөгжмийн зохиолч, дуучдын 10 мянган дууг кодлуулж, олон улсад бүртгүүлэхээр болжээ.

Уран бүтээлчид өөрийн бүтээлийг бүртгүүлэхийн тулд эхний ээлжинд MOSCAP-тай гэрээ байгуулах шаардлагатай. Үүний дараагаар өөрийн уран бүтээлийг коджуулах ба тухай бүтээлд шаардлага тавихгүй аж.

CISAC-ийн Ази номхон далайн бүсийн хорооны дэд дарга Satoshi Watanabe энэ сарын 21-25-ны хооронд MOSCAP-ийн урилгаар манай улсад ажиллаж байна. Тэрээр ажиллаж хугацаандаа Харилцаа холбооны зохиоцуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчйн эрхийн зохицуулалтын асуудал” сэдэвт семенрийг зохион байгуулж, түүнчлэн CISAC, JASRAC /Японы зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг/-ийн зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны туршлагын талаар ярьсан юм. 

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ