Д.Ганбат: Өршөөлөөр суллагдсан 50 хүн ажилд орсон
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар зөвхөн цэцийн даргын асуудлыг хэлэлцсэн. Энэ нь олон нийтэд ээлжит бус чуулган зарласан нь зөвхөн цэцийн даргыг чөлөөлөх байж гэж харагдаад байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг зарласан. Нийт 24 асуудал хэлэлцэхээр жагсаасны нэг нь цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудал байсан. Үүнээс 12 асуудал нь Хууль зүйн байнгын хороотой холбоотой асуудал байснаас гурван төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагааны хугацаанд ажиллахаар болсон. Ер нь бол ээлжит бус чуулганыг зарласан хүнээс нь наад асуудлаа асуух нь зөв байх.
-Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд эргэж гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл бий юу?
-Өршөөлийн хуулиар эргээд гэмт хэрэгт холбогддог тал бий. Уг хуулийн хүрээнд 2000 гаруй иргэн суллагдсан. Одоо ч суллагдаж байна. Яагаад гэвэл, ялын хугацаа нь тодорхой хэмжээгээр хасагдсан учраас суллагдаж байгаа. Шүүх шийдвэрлээд явж байна. Өршөөлд хамарсан иргэдээс 1.9 хувь нь эргэж хэрэг зөрчил үйлдээд цагдаад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.
-Тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх тал дээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ. Хэдэн иргэн ажилтай болов?
-Алдсан иргэдээ Монголын төр өршөөсөн, анхаарал тавьж ч ажиллах ёстой. Хөдөлмөрийн яам энэ чиглэлээр маш сайн ажиллаж байна. Одоогоор 50 гаруй иргэнд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн бус байгууллагууд сайн ажилласан. Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Харин нийслэлийн Гэр бүл, олон нийтийг хариуцсан орлогч дарга маш хариуцлагагүй ажилласан. Өршөөлийн комисст орж ажиллаад суллагдсан иргэнийг хүлээж авах ёстой байтал улстөрийн мэдэгдэл хийгээд төрийн ажлыг хийгээгүй. Үүнд нь арга хэмжээ авахыг би Ерөнхий сайдад уламжилсан. Хариу мэдэгдэнэ байх.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ