Дэлхийн удирдагчдын хэлэлцээний үеийн нууцаас "WikiLeaks" нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 11:47:17

МОСКВА. /Sputnik/. Дэлхийн улс орнуудын удирдагчдын хэлэлцээний үеэр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хийсэн тагнуулын нууц баримт бичгийн хэсгээс “WikiLeaks” цахим хуудас нийтэлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Германы Канцлер Ангела Меркелийн, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн уулзалт, ЕХ болон Японы худалдааны сайд нарын “худалдааны улаан шугам”-ын тухай хэлэлцээг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг сонссон тухай “WikiLeaks” мэдээлсэн байна.

НҮБ-ын эсрэг ийм үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ АНУ амлаж, НҮБ-тай гэрээ байгуулсан гэж Ассанж мэдэгджээ.

“WikiLeaks” нь улс төр, нийгмийн ач холбогдол бүхий дүрс бичлэг, гэрэл зураг, баримт бичгийг түгээх зорилготой ашгийн бус, олон улсын сэтгүүл зүйн байгууллага юм. Уг цахим хуудас 2006 онд Исландад байгуулагджээ. Төр, засгийн тэргүүн нар хоорондын дипломат сувгийн тухай нууц мэдээллийг “WikiLeaks” цахим хуудас нийтэлж, олны танил болсон билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ