Элчин сайд Г.Ганболд: Эдийн засгийн харилцааг өргөжүүлж, аялал, жуулчлалаа хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-19 14:06:21

ШИНЭ-ДЕЛИ. /tourismfirst/. Монгол, Энэтхэг хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын аялал, жуулчлалын салбарын харилцааг бэхжүүлэх эн тэргүүний чиглэлийг эргэн авч үзэх цаг нь болсон гэж Монголоос Энэтхэгт суугаа Элчин сайд  Г.Ганболд үзэж байна.

Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж, хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүйгээр сайжирч байна гэж тэрбээр мэдэгдэв.

Дайны хөлөг баатрууд, домгуудын эрин үеэс үлдсэн, магадгүй хамгийн сүүлчийн ул мөр Монголд байгаа нь дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий аяллын чиглэл юм. Үүнээс гадна, Ражив Гандигийн нэрэмжит боловсролын төвүүд, А.Б.Важпаигийн нэрэмжит мэдээлэл-технологийн төв Монголд байдгийг хүн болгон мэддэггүй. Өнөө үед хүүхэддээ Индира болон Жавахар гэдэг нэр өгдгөөс үзвэл Монголд Энэтхэгийн улс төрчид танигдсан нь харагдаж байна. Энэ нь гэнэтийн бэлэг байж болох ч Азийн хамгийн эртний соёл иргэншлүүд /Энэтхэг, Монгол/ гүн гүнзгий харилцаатай байсныг илтгэж байна. Монголын гурван сая гаруй иргэний 50 хувь нь буддын шашинтай бөгөөд эндээс Энэтхэгийн буддын шашны асар их өв соёлын ул мөр харагдана. “Бид оюун санаа, соёл, түүхээс үүсэлтэй холбоосоор холбогдсон. Монголтой адилхан нэртэй газар Энэтхэгийн Шинэ-Дели болон бусад олон газар бий. Тиймээс эдгээр нь ирээдүйн түүхчдийн судалгааны сэдэв болдог. Монголчуудын хувьд нандин зүйл болох 13 дугаар зууны үеийн гар бичмэлд Энэтхэгийг Индостан гэсэн байдаг. Олны танил болсон Энэтхэгийг буддын шашны ариун дагшин газар гэж үздэг байсан” гэж Г.Ганболд хэлэв.

Хоёр улс түүхэн харилцаатай байсныг тэрбээр онцлоод, монгол лам нар Наландарын их сургуульд сурахын тулд Гималайн уулаар хэрхэн аялдаг байсан тухай дурдав. “Эдгээр дээд сургуульд монгол лам нар тогтмол суралцдаг байсныг Хятадын жуулчид аяллын тухай кинондоо дэлгэрүүлсэн байдаг. Оюун санааны болон соёлын эдгээр нягт харилцаанд үндэслэн хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь өнөөдөр 60 жилийн нүүрээ үзэж байна. Энэ тэмдэглэлт ойг Монгол Улс бүтэн жил тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд хоёр улс хамтран ямар амжилтад хүрсэн бэ гэдгийг дүгнэх цаг юм гэж тэрбээр хэллээ. Мөн тэрбээр, “ирэх 60 жилд хоёр улс хамтдаа юу хийхийг төлөвлөх хэрэгтэй. Дорнын тооллоор 60 жил нь нэг зуун билээ” гэж нэмж хэлэв.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсны ачаар энэтхэгчүүд дунд Монгол багагүй танигдсан. "Уг айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэнд чухал үйл явдал болсон. Хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Энэтхэгийн Засгийн газар илэрхийлж, үүгээр ч зогсохгүй Энэтхэгийн түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нэг тэрбум долларын зээл олгохоо амласан" гэж Г.Ганболд хэллээ. Энэтхэгийн газар нутгийн тал хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай Монгол дэлхийн хамгийн сийрэг суурьшсан хүн амтай улс болохыг тэрбээр дурдаад, газар зүй болон цаг агаарын янз бүрийн бүс Монголд бий гэж энэтхэгчүүдэд хандан хэлсэн юм. “Бидэнд улс төр, соёлын гайхалтай холбоо бий. Одоо бид эдийн засгийн солилцооны хүрээг, тухайлбал, аялал жуулчлалыг төрөлжүүлж, хоёр талын айлчлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Эдийн засгийн бодит хамтын ажиллагааг явуулж эхэлсэн тохиолдолд хоёр талын харилцаа гүнзгийрнэ гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр дурдав. Мөн хоёр талын харилцааг бэхжүүлэх тухайд Монгол ямар зорилготой байгаа талаар тэрбээр тайлбарлахдаа, “бид гадаад эх үүсвэрийн төвүүд байгуулахад Энэтхэгийн компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр компани удахгүй санал бодлоо илэрхийлэх байх. Том төслүүдэд зээлийг зохистой ашиглахын тулд ашигтай төслүүд бид хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Монголд элбэг байгаа мал, уул уурхайн салбарт худалдааны асар их боломж байгаа тухай Г.Ганболд ярьсан юм. "Монгол бараг 60 сая толгой малтай бөгөөд энэ нь ноос, арьс шир, ноолуур, гэдэс гээд малын гаралтай бүтээгдэхүүний асар их нөөц юм. Эдгээрээр нэмүү өртөг шингэсэн олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж болно. Тиймээс бид эдгээр бүтээгдэхүүнийг хамтран боловсруулж гадаадын зах зээлд экспортлох боломжтой” гэв. Мөн хараахан судалж амжаагүй байгаа мэдээлэл технологи, хөдөө аж ахуйн салбарт их нөөц бололцоо байгааг тэрбээр дурдсан байна. “Монголын зүүн нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд их таатай учир манай Засгийн газар хөдөө аж ахуйн тусгай бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэнд Энэтхэгийн тариаланчид тариа тарих боломжтой юм. Харин ирээдүйтэй мэдээлэл технологийн салбарыг Энэтхэгийн тусламжтайгаар цаашид Монголд хөгжүүлж, Монголын газар зүйн байрлалыг ашиглан бусад том зах зээлд нэвтрэх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

Монгол уул уурхайн нөөц баялаг ихтэй болохыг тэрбээр онцлоод, тус салбарт  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. “Монголын томоохон ордуудыг ашиглахад тус болох дэд бүтэц болон цахилгаан эрчим хүчний төслүүдэд ажиллах боломжтой чадварлаг инженерүүд Энэтхэг их бий. Ингэснээр Энэтхэгийн өргөжин тэлж буй зах зээлийн эрэлтийг хангах боломжтой юм гэж тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ