Хятад улс маргаантай арлуудын нэгд ЗПЦ байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-17 14:01:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хятад улс алсын тусгалтай зенитийн пуужингийн хэд хэдэн цогцолборыг /ЗПЦ/ Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд байрлуулсан тухай телевизийн “Fox News” суваг мэдээлсэн байна.

Олж авсан хувийн хиймэл дагуулын зургаас иш татан тус сувгийн мэдээлснээр, хятадууд “HQ-9" зенитийн пуужингийн найман цогцолбор бүхий хоёр батарей, мөн радиолокацийн системийг” Параселийн бүлэг арлын хамгийн том арал болох Вуди аралд байрлуулжээ.

“Fox News” сувгийн мэдээлснээр, ЗПЦ уг аралд өнгөрсөн долоо хоногт гарч ирсэн байна. Тус сувгийн олж авсан зураг жинхэнэ болохыг АНУ-ын эрх баригчдын төлөөлөгч баталжээ. Түүний хэлснээр, уг зурган дээр 200 орчим км-ын радиуст байндаа тусдаг "HQ-9" ЗПЦ гарсан байна.

Хятадын "HQ-9" ЗПЦ нь нисэх онгоц, далавчит пуужин, нисдэг тэрэг сөнөөх зориулалттай, баллистик пуужинг амдан сөнөөх чадалтай, тус улсын зенитийн пуужингийн анхны цогцолбор юм.

Хятад улс сүүлийн 10 жилд нүүрсустөрөгчийн асар их нөөц илэрсэн, Өмнөд Хятадын тэнгисийн хэд хэдэн арлыг эзэмших асуудлаар бүс нутгийн хэд хэд улстай маргалдаж байгаа билээ. Энэ маргаанд Вьетнам, Бруней, Малайз болон Филиппин улс ямар нэг хэмжээгээр татагдан оржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ