Зика вирусыг тараагч шумуул Монгол Улсад бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-17 12:56:32

Сүүлийн үед дэлхийн зарим улс оронд тархаад байгаа Зика вирусыг дамжуулагч шумуул Монголд ч байна гэсэн мэдээлэл тархаад байгаа энэ талаар Зоонозын өвчин судалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн Шуурхай удирдлагын нэгжийн зохицуулагч Б.Амгаланбаяраас тодрууллаа.

-Зика өнөөдрийн байдлаар хэдэн оронд тархаад байна вэ. Энэ вирус хаанаас үүсэлтэй юм бэ?

-Хүн төрөлхтөн Зика гэгч вирусыг анх 1947 онд Уганда улсад сармагчнаас илрүүлсэн. 1952 онд хүний өвчлөлийн тохиолдол Нигери улсад бүртгэгдэж байсан. Түүнээс хойш нам гүм байсан ч Бразил улсад өнгөрсөн оны 5 дугаар сараас энэ вирусын дэгдэлт эхэлсэн. Одоогоор Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали тэргүүтэй 32 улсад тархаад байна.

Бэлгийн замаар халдварласан гэх тохиолдол АНУ-д нэг, цус, цусан бүтээгдэхүүнээр халдварласан тохиолдол нэг тус тус бүртгэгдсэн. Анагаахын хэлээр бичил тархи буюу тархины дутуу хөгжилтэй нярай төрөх тохиолдол Бразилд жилдээ 1500 орчим бүртгэгддэг байсан бол Зика вирусын халдвар гарснаас хойш 3000-4000 орчим бүртгэгддэг болсон. Гэхдээ энэ нь Зика вирусын  халдвартай холбоотой гэдгийг дэлхий дахинд батлаагүй байна.

-Зика вирус шумуулаар тарж байна гэх мэдээлэл гарсан. Энэ шумуул манай улсад бий юу?

-Зика вирусын үүсгэгч нь Aedes, Aegypti гэсэн хоёр зүйлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг. Шумуул нь өөрийн онцлогтой, халуун орны бүс нутагт байдаг, өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн үе шаттай. +33-аас дээш хэмд өсч үржин, халдвар тараадаг. Гэхдээ энэ төрлийн шумуул нь Монгол Улсад бүртгэгдээгүй. Манайд дөрвөн төрлийн 30 гаруй шумуул байдаг.

-Тэгэхээр манайд Зика вирус тархах эрсдэл байхгүй гэсэн үг үү?

-Дэгдэлт бүртгэгдсэн улс орнуудад очиж шумууланд хатгуулсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Манай улсын өмнөд хөрш, хойд хөршид вирусын халдвар бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл гарсан. ДЭМБ болон Европын эрүүл мэндийн байгууллагуудаас албан мэдээ манайд хараахан ирээгүй.

Урд, хойд хөршид бүртгэгдсэн нэг нэг тохиолдол нь өөр орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. БНХАУ-ын иргэн Өмнөд Америкийн улс орноор, ОХУ-ын иргэн Доминиканаар зорчиж байгаад халдвар авсан мэдээлэл бий.

-Зика вирусын эсрэг вакцин гарсан уу. Хэрэв халдварласан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Энэ өвчлөлийн шинж маш энгийн байдалтай илэрдэг. Толгой өвдөнө, халуурна, биеэр бага зэрэг тууралт гарна. Хамгийн гол нь тухайн үүсгэгчийг дамжуулж байгаа улс оронд очиж шумууланд хазуулсан эсэхээр халдвар авсан байх магадлалыг тогтоох боломжтой. Гэхдээ тухайн вирусын халдвар нь эбола, МERS, коронавирусын төрлийн вирусыг бодвол  ахуйн хавьтлын замаар хүнд халдахгүй, нэгээс нөгөөд зөөвөрлөгдөх боломж ховор, нас баралт ховор. Халдвар авсан таван хүний нэг нь хөнгөн зэргийн шинж тэмдэг илэрч, эмчлэгдэх боломжтой.

Хүн төрөлхтөн шинэ вирус, үүсгэгч илрэхэд түүний эсрэг вакцин үйлдвэрлэх үйл ажиллагаанд ордог. АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд, Азид гэхэд Энэтхэг улсад вакциныг турших үйл ажиллагаа явуулж байгаа.

-Улсын хэмжээнд энэ вирусээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ жил Бразил улсад Олимпийн наадам болох учир маш олон орноос жуулчид очно. Тиймээс иргэд тухайн дэгдэлттэй байгаа улс оронд аль болох зорчихгүй байх, очсон тохиолдолд шумууланд хазуулахгүй байх арга хэмжээ авах, толгойдоо тор зүүх, битүү хувцас өмсөх, хаалга цонхоо хаах, шумуул үүрлэхгүй зочид буудал сонгож байрлах зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

Үүнээс гадна иргэд вирусын талаар зохиомол айдаст өртөж байгаа учир мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ