“Rio Tinto” өнгөрсөн онд 866 сая долларын алдагдалтай ажиллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-16 16:08:33

БИШКЕК. /CA-NEWS/  Канадын уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто” өнгөрсөн онд 866 сая долларын алдагдал хүлээсэн тухайгаа мэдээлжээ.

Дэлхий даяар эдийн засгийн байдал дордсон болон төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ унасан нь ийм алдагдалтай ажилласны шалтгаан болсон байна.

Тус компанийн мэдээлснээр, 2015 онд орлого нь 47.6 тэрбум доллароос 34.8 тэрбум доллар болж буурчээ. 2014 онд “Рио Тинто”-гийн ашиг 6.5 тэрбум доллар байсан байна.

Орлого ингэж буурсан нь энэ жил хөрөнгийн зардлыг 4 тэрбум доллар болтол, 2017 онд 5 тэрбум доллар болж буурахад хүргэх бөгөөд энэ нь урьдчилан таамаглаж байснаас 3 тэрбум доллароор буурсан үзүүлэлт аж.

Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн хувьцааны ханш 5.8 хувиар буурсан байна. Тус компани өнгөрсөн онд алдагдал хүлээсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтаа дахин багасахаа мэдэгджээ.

Австрали-Британийн хамтарсан “Рио Тинто груп” концерн нь дэлхийд гуравт ордог үндэстэн дамнасан уул уурхай, төмөрлөгийн компани юм.

“Rio Tinto Limited” болон “Rio Tinto plc” гэсэн хоёр компаниас бүрддэг тус концерн нь Монголын зэс, алтны "Оюутолгой" орд газарт, мөн Узбекистан, Казахстанд геологийн ажил явуулж байгаа юм.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ