Аж ахуйн нэгжүүд 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-15 14:32:59

Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгжүүд нийт нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн талаар өнөөдөр Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

2016  оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран амжилттай зохион байгуулсан. Уг үзэсгэлэн худалдаанд 450 гаруй аж ахуй нэгж 1580 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцжээ.

Үзэсгэлэн худалдааны төгсгөлд Аж үйлдвэрийн яамнаас шилдэг салбар, шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулжээ. Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Бэц Баун” компанийн “Монгол барагшун-зохицуулах үйлчилгээтэй хүнс”, “Витафит” компанийн “Гоё брэндийн жүүс” шалгарсан.

Арьс ширний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Мэргэн тур” компанийн “Аяллын цүнх, Ноос ноолуурын шилдэг бүтээгдэхүүнээр “Блю скай кашемир” компанийн “Хүннү коллекци”, “Нэхээсгүй эдлэл” компанийн “Ноолууран цамц” шалгарчээ. Харин Оёмол, сүлжмэлийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр Хэрокинг” компанийн өдөр тутмын “Жаргалтай багачууд коллекци”, “Өлзий оёдлын цех”-ийн П.Чанцалын “Хүннү дээл”, Гоёл, бэлэг дурсгалын салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Бүрэнсүх” компанийн “Эцэг таван хошуу”, “Уянгацогт-Амгалан” компанийн “Морин хуур” тус тус шалгарчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ