Өмнөд Солонгос “Рио-2016”-д эхний 10-т орохоор бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-15 13:52:43

СӨҮЛ. /Yonhap-MONTSAME/. Эртний гольфын хэв маяг үргэлжилсээр байгаагийн адил тэмцээний эхний шатанд та ялж чадахгүй ч нэгийг ардаа орхиж болох юм.

2016 он гараад хэдэн долоо хоног өнгөрч байгаа бөгөөд Өмнөд Солонгосын тамирчид Бразилын Рио-Де-Жанейро хотод болох зуны олимпт бэлтгэж байна. Тэд нэгдүгээр сард медаль авч чадаагүй байж болох ч Бразилд очихоосоо өмнө нэгийг ардаа орхиж болох юм.

Өмнөд Америкт болох зуны анхны олимпын наадамд оролцох тамирчдын өвлийн бэлтгэлд Өмнөд Солонгос ихээхэн ач холбогдол өгч байна. Тамирчид ирэх сард өөрсдийгөө хэрхэн бэлтгэх болон Рио-Де-Жанейро хотод медалийн индэрт гарах боломжоо тэд хэрхэн бий болгох эсвэл алдах тухай Сөүл хот дахь Үндэсний сургалтын төвийн тэргүүн Чой Жон-сам дурдав.

“Өндөр түвшинд өрсөлдөх тамирчид байгаа бөгөөд тэдний нөхцөл байдал сайн байх ёстой. Энэ нь тэдэнд дараагийн алхмаа хийхэд нь тус болно. Манай өмнөх үеийн тамирчид ур чадвар, техникээс илүүтэйгээр сайн нөхцөл байдлыг илүүд үздэг байсан. Тиймээс бид энэ чиглэлээр тамирчдаа бэлтгэдэг” гэж Чой хэлжээ.

Өмнөд Солонгос нь зуны олимпын наадмаас авсан медалийн тоогоороо гурав дараалан эхний 10-т жагссан бөгөөд энэ жил дахин эхний 10-т орохоор бэлтгэж байна. Голландын спортын мэдээллийн дүн шинжилгээний “Infostrada Sports” компани энэ сарын эхээр “Virtual Medal Table” буюу “Медалийн боломжит хүснэгт” тайландаа Өмнөд Солонгос 12 алтан медаль авна гэж таамагласан байна.

Олимпт орох зарим спортын төрлийн ч урьдчилсан шалгаруулалт болж байгаатай холбоотойгоор энэ таамаг ирэх саруудад өөрчлөгдөж болох юм.

Өмнөд Солонгосын хувьд сур харваагаар алтан медаль хүртэх хамгийн өндөр боломжтой. Орчин үеийн сур харвааны тэмцээн эхэлсэн 1972 оноос хойш Өмнөд Солонгос 19 алтан медаль хүртсэн нь бусад бүх орноос илүү үзүүлэлт юм. Лондоны олимпт Өмнөд Солонгос сур харвааны дөрвөн төрлийн гуравт нь алтан медаль хүртсэн байна. Харин Рио-Де-Жанейрогийн олимпт Өмнөд Солонгос сур харвааны ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, багийн эрэгтэй, эмэгтэй дөрвөн төрөлд бүх алтан медалийг анх удаа авна гэж “Infostrada Sports” компани таамаглажээ.

Лондоны олимпт сур харвааны ганцаарчилсан эмэгтэй, багийн эмэгтэй төрөлд алтан медаль хүртсэн Ки Бо Бэ 2014 оны Азийн наадамд улсынхаа шигшээ багт ороогүй бөгөөд тэрбээр сур харвааны талаар хошигнон, үндэсний шигшээ баг бүрдүүлэх нь  олимпын медаль авахаас хэцүү гэж хэлсэн байна. Одоо тэрбээр сур харвааны ганцаарчилсан эмэгтэй төрөлд олимпын алтан медалиа хамгаалсан Өмнөд Солонгосын анхны эмэгтэй болох түүхээ бичихээр зүтгэж байна.

Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх нь тийм ч хялбар ажил биш учир одоохондоо тийм ч их итгэл найдвар тавихгүй байгаа гэж 27 настай тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “дөрвөн жил маш хурдан өнгөрч, Риогийн наадам хаяанд ирсэн байна. Гэвч дахин алтан медалийг авах тухай ярихад арай эрт байна. Ирэх гуравдугаар сард болох олимпын наадамд оролцох багийн шалгаруулалтад би эхлээд оролцох ёстой” гэж мэдэгджээ.

Харин сур харвааны багийн ахлах дасгалжуулагч Мүн Хюнг-Чул илүү итгэл найдвар тээж байгаагаа илэрхийлжээ.

“Бид бүх алтан медалийг авах зорилго тавьсан. Урьд нь бид олон улсын тэмцээнд амжилт муутай оролцсон нь туршлага дутсанаас биш, харин тухайн газрын уур амьсгал болон бусад нөхцөлд байдлыг тохируулж чадаагүйд байгаа юм. Тиймээс бид эдгээр хүчин зүйлсэд нягт дүн шинжилгээ хийж, олимпын наадамд бэлтгэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Харин таэквондогийн эрэгтэй тамирчин Ли Дэ Хун олимпт оролцох шигшээ багийг бүрдүүлэх тухайд тийм ч их санаа зовохгүй байна. Түүнийг “Рио-2016” наадмаас алтан медаль хүртэнэ гэж “Infostrada Sports” компанийн таамаглажээ. Дэлхийн таэквондогийн холбооноос тогтоосон түүний олимпын зэрэглэлд үндэслэн түүнд автоматаар гарааны дугаар олгосон байна. Өдгөө 23 настай тэрбээр олимпын алтан медалиас бусад бүх тэмцээний алтан медалийг хүртжээ. Тэрбээр дэлхийн аваргын хоёр алт, Азийн наадмын хоёр алт, Азийн аваргын хоёр алт, 2012 оны олимпын наадмын таэквондогийн 58 кг-ийн жинд анх удаа өрсөлдөж, мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Тэрбээр “Рио-2016” наадамд 68 кг-ийн жинд өрсөлдөх бөгөөд өмнө нь хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг алтаар өөрчлөх найдлага тавьж байна.

“Лондон хотын наадамд би чадах чинээгээрээ өрсөлдсөн гэж бодохгүй байгаа. Мөнгөн медаль авсандаа сэтгэл гонсойгоогүй. Бэлтгэсэн зүйлээ хийж чадаагүйдээ л би их бухимддаг. Энэ удаа эдгээрийг өөрчлөх хүсэлтэй байна” гэж тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр, “би илүү өндөр, хүчирхэг тамирчидтай өрсөлдөнө. Гэвч би суралцаж, тэднийг нягт ажиглаж, чадах чинээгээрээ бэлтгэх болно” гэв.

Лондоны олимпт Ли өмнөд солонгосчуудын хүсэн хүлээж байсан алтан медалийг хүртэж чадаагүй хэдий ч Өмнөд Солонгосын туялзуур сэлмийн тамирчид дэлхий дахиныг шуугиулж, Лондоны наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Харин Итали гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч Өмнөд Солонгосын амжилтыг ганцаараа давсан юм.

Би өөрийн зорилтоо бууруулж, бэлтгэлд нөлөөлөх шахалтыг багасгахаар хичээж байна гэж туялзуур сэлмийн эмэгтэйчүүдийн төрөлд олимпын медаль хүртсэн Ким Жи-Ен мэдэгдэв.

Мөн тэрбээр, “Хэрвээ би зорилтоо их өндөр тогтоовол, маш их дарамт шахалт бий болно. Лондоны олимпт би байгаагаараа л өрсөлдөхийг хичээсэн бөгөөд ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй “Рио-2016” наадамд оролцох найдлага тавьж байна” гэв. Зүүн гуядаа бэртэлтэй байгаа тэрбээр, эрүүл байх нь нөхцөл байдал болон техникийн бэлтгэлийн нэгэн адил чухал юм гэжээ.

“Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал миний өрсөлдөгчид техник болон тактикийн хувьд их сайжирсан байна. Би тэмцээний мэдрэмж илүү авахын тулд тэдний дүрс бичлэгийг үзэж, суралцаж байна” гэж мөн тэрбээр хэлжээ.

Өмнөд Солонгосын жудогийн тамирчид “Рио-2016” наадамд гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байна. Тэд өнгөрсөн гурван олимп тус бүрээс наад зах нь нэг алтан медаль хүртсэн бөгөөд энэ амжилтаа энэ жил ахиулах зорилго тавьжээ.

Өмнөд Солонгосын жудоч Ан Ба-уль өнгөрсөн наймдугаар сард болсон дэлхийн аваргын тэмцээнээс 66 кг-д алтан медаль хүртэж, үүнээс сарын өмнө болсон зуны Универсиад наадмаас алтан медаль хүртсэн амжилтаа ахиулсан билээ. Тэрбээр 2013 онд Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн алтан медаль хүртжээ.

Мөн Гвак Дон-хан өнгөрсөн жилийн зуны Универсиад наадам болон дэлхийн аваргын тэмцээний 90 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль хүртэж, Олон улсын жудогийн холбооноос гаргасан дэлхийн зэрэглэлд нэгдүгээр байрт орсон байна. Мөн тэрбээр Азийн аварга болж, амжилтаа ахиулжээ.

“Намайг сүүлийн үед сайн амжилт үзүүлж байгаа учраас хүмүүс надаас их зүйл хүлээж байгаа байх. Гэвч би өөрийгөө дэлхийн номер нэг байх тийм хангалттай сайн тамирчин биш гэж бодож байна. Олимпын наадамд сайн оролцохын тулд би өрсөлдөгчдөө сайн судалж, бэлтгэл шаргуу хийх хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ