Венесуэлийн хүнсний салбарт онцгой байдал зарлав

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-12 12:10:21

МЕХИКО. /TASS/. Венесуэлийн Үндэсний Ассамблей /нэг танхимтай парламент/ пүрэв гарагт улсынхаа хүнсний салбарт онцгой байдал тогтоожээ. Засгийн газрын буруу үйл ажиллагааны улмаас улс орон нь “хүмүүнлэгийн хямралд” орж, “хүнсний аюулгүй байдал нь алдагдахад” хүрсэн гэж тус улсын депутатууд үзэж байгаа аж.  

Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй одоогийн гүйцэтгэх засаглалын эсрэг  улс төрийн сөрөг хүчнүүдийг нэгтгэдэг Ардчилсан эв нэгдлийн эвслийн гишүүд Венесуэлийн парламентад олонхын суудлыг эзэлдэг байна.

Нефтийн үнэ өндөр байх үед хар алтны экспортоос Венесуэл “хэдэн триллион доллар” олсон боловч одоо хүн ам “идэх хоол, эм хэрэгсэлгүй болсныг” хүнсний салбарт онцгой байдал тогтоох санаачилгыг гаргасан депутат Хулио Борхес цохон тэмдэглэжээ.  Улс төрчийн хэлснээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уналт 87 хувьтай болсон бол үндэсний 300 үйлдвэр юу ч үйлдвэрлэхгүй байна. Улс орон өлсгөлөнд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын байгууллагуудаас хүмүүнлэгийн тусламж хүсэхэд чиглэсэн түр зуурын арга хэмжээгээ танилцуулахыг Ардчилсан эв нэгдлийн эвслийн гишүүд Засгийн газраасаа шаарджээ.

Венесуэлийн “эрүүл мэндийн салбарт хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг” Үндэсний ассамблей нэгдүгээр сарын 26-нд мэдэгдсэн байна. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ