Куба, БНАСАУ технологи солилцоход хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-29 11:07:01

ГАВАНА. /TASS/. Куба болон Умард Солонгосын төлөөлөгчид гадаад худалдаа болон шинжлэх ухаан-техникийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай протоколд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Энэ тухай “Prensa Latina” агентлаг мэдээлсэн байна.

Дээрх баримт бичигт Куба улсын Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын сайд Родриго Мальмиерка, Гавана хотод суугаа Умард Солонгосын Элчин сайд Пак Чан Юл нар гарын үсэг зуржээ. Худалдааны гэрээнд бартераар харилцан бараа таваар солилцох талаар тусгасан бөгөөд энэ нь төмөр замын аж ахуй болон элсэн чихрийн үйлдвэрлэлд зориулсан материалуудыг Азийн энэ орноос импортлох боломжийг Кубад олгох аж. Гарын үсэг зурсан баримт бичиг нь мөн эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт болон хөдөө аж ахуй зэрэг салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болох төлөвтэй байна.

Куба болон Умард Солонгосын хооронд 1960 оны наймдугаар сарын 28-нд дипломат харилцаа тогтоожээ. Одоогийн байдлаар тус хоёр орон боловсрол, нефтийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, худалдаа зэрэг салбарт хамтран ажиллаж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ