Б.Анхбаяр бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 17:14:01

ЛАС-ВЕГАС. /АР/. Монголын чөлөөт бөхийн тамирчин Б.Анхбаяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нуруундаа бэртэл авсан байна. Түүнийг дамнуургаар авч яван эмнэлэгт хүргэжээ.

Бямба гарагт ОХУ-ын бөх Магомедрасул Газимагомедовтай барилдаж байсан тэрбээр нэгдүгээр үеийн 55 дахь секундэд биеийн хяналтдаа алдаж, өвдөглөн суумагцаа нуруугаараа дэвжээн дээр унасан байна.

Эрүүл мэндийн ажилтнууд Б.Анхбаярт хүзүүний хамгаалалт зүүж өгөх хүртэл тэрбээр дэвжээн дээр хэдэн минут хөдөлгөөнгүй хэвтжээ.

Түүний биеийн байдал тогтворжсон гэснээс өөр нарийн мэдээллийг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны хэвлэлийн төлөөлөгч Тим Фоли өгөөгүй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд