Таван сумыг Хонин жилийн шилдгээр шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 17:29:08

2015 онд авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр, үйл ажиллагааны үр дүнгээрээ Арвайхээр, Гучин-Ус, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Баянгол сумдууд өндөр оноо авч аймагтаа тэргүүллээ.

Сумдын үйл ажиллагааг дүгнэхдээ ИТХ, ЗДТГ-ын 2015 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж шалгаруулсан байна. Тэргүүний сум тус бүр 3 сая төгрөгийн шагнал, өргөмжлөлийг гардан авлаа.

Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаагаараа Арвайхээр сумын Бурхи, Баян-Өндөр сумын Хартойром, Хужирт сумын Шунхлай баг тэргүүллээ.

Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар тэргүүний хэлтэс агентлагаар шалгарч тус бүр 1 сая төгрөгийн шагнал, өргөмжлөлийг гардан авав. Хяналт шинжилгээний дүнгээр хангалтгүй дүн үзүүлсэн сум, баг, хэлтэс албадын удирдлагуудад тодорхой арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллахыг ИТХ-аас Засаг дарга Д.Тогтохсүрэнд даалгасан байна.

Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун: Өнгөрсөн 2015 онд манай сум Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлыг үр дүнтэй зохион байгууллаа. Мөн сумандаа “Төрийн албан хаагчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх жил” болгон зарлаж, төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүллээ. 40 мянган мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцож, 2000 мод тарин 90 хувийг нь амжилттай ургуулж,  мал аж ахуйн салбарт 181 мянган мал тоолуулан анх удаа 4,9 хувийн өсөлттэй гарлаа. Газар тариалангийн салбарт сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй тариалалтыг хийж, сумынхаа төмс хүнсний ногооны хэрэгцээг 70 гаруй хувиар хангаад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ