Зарим шүүгчийг томилохгүй байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна гэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-28 16:37:44

Өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа Монголын Хуульчдын холбооноос зарим шүүгчдийн томилгооны асуудлыг хөндөн ярив. Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан зарим шүүгчийг одоо болтол томилоогүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тус холбооныхон мэдээлэв.

ШЕЗ-өөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий 12 хуульчийг дахин шүүгчээр томилоогүй байна. Хуульчдын холбооноос энэ талаар тодруулсан ч "хуулийн зохицуулалт байхгүй" гэсээр өдий хүрчээ. Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан ч бас л хуульчдыг хохироожээ. Хуульч М.Нармандахыг дахин томилоогүй байгааг дурдсан. Энэ бүхэн нь шүүх болон шүүгчийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулж байна. Хуульчдын холбооны эрхэм зорилго бол Монгол Улсад хуулийн засаглалыг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх нөхцлийг хангахад оршдог. Тиймээс шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор тодорхой үндэслэл заалгүйгээр шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх нь буруу гэдгийг Хуульчдын холбооны удирдлагууд мэдэгдлээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ