Цэцэг өвчин илэрсэн 10 хонийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-22 11:27:00

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас  баруун урагшаа 60 км  Нугаар багийн нутаг  “Тоонон” гэдэг газар отроор өвөлжихөөр орж ирсэн Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин  Т.Батбаатарын суурьт 13 хонинд цэцэг өвчин илэрчээ.  

Тус аймгийн Баяндэлгэр сумын малын эмчид өнгөрсөн оны 12-р сарын 28-29-ны өдөр өвчилсөн хониноос анхны дээжийг өгч явуулсан боловч шаардлага хангаагүй тул дахин энэ сарын 07-нд дээж авч УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд энэ сарын 11-ний өдрийн 135, 105 тоот шинжилгээний хариугаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин гэж оношлогджээ.

Тиймээс сумын Засаг даргын энэ сарын 12-ны өдрийн А/06 тоот захиармжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.  Мөн Хэнтий  аймгийн онцгой комисс хуралдаж ажлын хэсэг томилсон бөгөөд  ажлын хэсэгт ОБГазрын ахмад Р.Батсайхан, ХХААГазрын эмч Т.Сансарбаатар, МХГазрын байцаагч Л.Алтанбагана, Жаргалтхаан сумын хэсгийн цагдаа н.Мөнгөн нар Цэнхэрмандал суманд ажиллаж өвчний голомт болох Т.Батбаатар малчин  өнгөрсөн оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин н.Мөнхболдын сууриас 18 төлөг машинаар ачиж Төв аймгийн Баяндэлгэр сумын Шинэ булгийн ам гэдэг газар анх авчирихадаа тухайн үед өвчины голомт тээж ирснийг тогтоолоо гэж коммисынхон хэллээ.

Төв аймгийн Баяндэлгэр сум улсад вакцины захиалга өгч 3,0 тун вакцин хүлээн авч голомт бүхий Т.Батбаатар малчны суурьт Төв аймгийн Баяндэлгэр сумын малын эмч Батцэцэг ажиллаж байгаа бөгөөд тус бүсийн 4 өрхийн 700 хонийг урьдчилан сэргийлэх тарилгаар тарьж, бүх хонинд үзлэг хийж өвчилсөн 10 хонийг устгасан байна.  

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үзлэг тандалт хийх, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай  ОБГазрын даргын албан бичгийг Баяновоо, Баянхутаг, Галшар, Борөндөр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Батноров, Хэрлэн, Дархан, Баянмөнх, ХХААГазрын даргын эн сарын 12-ны өдрийн 23 тоот албан бичгийг Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдад хүргүүлжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ