Порошенко, Байден хоёр үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-21 13:53:21

ДАВОС. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нар Швейцарийн Давос хотноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр 4 цаг гаруй уулзахдаа Донбасст гал зогсоох зорилгоор үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцжээ.  Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Минскийн гэрээг орлох өөр хувилбар байхгүй гэдэг ерөнхий дүгнэлтэд бид хүрлээ. Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэх тал дээр АНУ биднийг бүрэн дэмжиж байгаа” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэнийг түүний хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ. “Гал зогсоох, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Тусгай хяналт шалгалтын газрын төлөөлөгчдийг хүнд зэвсэг хадгалж буй цэгүүдэд болон хилээр саадгүй нэврэх боломж олгох ёстой үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцсон. Мөн Украины олзлогдсон хүмүүсийн суллах ажлыг идэвхжүүлэх талаар үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, талууд улс төрийн үйл явцыг идэвхжүүлэх алхмуудаа, тухайлбал, Киевийн хяналтаас гарсан Донбассын нутаг дэвсгэрт сонгууль явуулах алхмаа зохицуулахаар тохиролцжээ. Уулзалтын явцад мөн Украинд шинэчлэл хийхэд үзүүлж буй АНУ-ын дэмжлэг болон хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. Талууд мөн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын шинэчлэл, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ