Сьерра-Леонд “Эбола”-гийн халдварын хоёр дахь тохиолдол илрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2016-01-21 10:37:02

МОСКВА. /RIA Novosti/. Үхлийн аюултай “Эбола” вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол илэрснийг Сьерра-Леон улсын эрх баригчид мэдээлсэн байна. Сьерра-Леонд уг вирусийн халдварын тархалт зогссоныг өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм.

Тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Сиди Яя Тунисийн мэдээлснээр, “Эбола”-гийн халдвараар саяхан нас барсан хамаатны эмэгтэйгээ асрахад тусалж байсан 38 настай эмэгтэйд хоёр дахь тохиолдол илэрсэн байна.

Үхлийн аюултай вирусийн халдварын тархалт зогссоныг Сьерра-Леоны Засгийн газар 11 дүгээр сарын 7-нд мэдэгдсэн юм. Үүний дараа тус улсад эрүүл мэндийн ажиглалтын 90 хоногийг зарлажээ.

Баруун Африкт “Эбола”-гийн халдварын тархалтыг бүрэн дарсныг мэдэгдсэний дараа Сьерра-Леонд уг вирусийн халдварын анхны тохиолдол илэрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нотолжээ. Халдварын анхны тохиолдол нь оны эхэнд халдвар авч нэгдүгээр сарын 12-нд нас барсан 22 настай эмэгтэйд илэрсэн байна. Сьерра-Леоны эрх баригчид уг эмэгтэйтэй хавьтсан байж болзошгүй 109 хүнийг тусгаарлажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ