Пакистаны их сургуульд халдах үеэр долоон хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-20 15:50:17

ИСЛАМАБАД. /TASS/. Пакистаны баруун хойд нутаг оршдог Хайбер-Пахтунхва мужийн их сургуульд үйлдсэн халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 12 хүн шархадсан тухай тус улсын Үндэсний "1122" дугаар аврах албаны /Rescue 1122/ албаны албан ёсны төлөөлөгч Билал Фалзи мэдээлжээ.

“Хамгийн сүүлийн мэдээллээр, долоон хүн амиа алдсан. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж магадгүй” гэж тэрбээр тэмдэглээд “аюулгүй байдлын хүчнийхэн их сургууль орчмын нутаг дэвсгэрийн 90 хувийг террористуудаас цэвэрлэсэн” гэдгийг нэмж хэлсэн байна.

Харин хэргийн газар ажиллаж байгаа “Фонд Эдхи” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 50 хүн шархаджээ. Их сургуулийн орчимд янз бүрийн хүчтэй дор хаяж 10 дэлбэрэлт болсон гэж “ARY News” суваг мэдээлсэн байна. Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн их сургуульд халдсан өөр хоёр этгээдийг устгасан тухай тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Асим Баджва “Twitter” сүлжээн дэх хуудсандаа бичжээ. “Мэргэн буучид дахин хоёр террористыг устгаснаар устгасан босогчдын тоо дөрөв боллоо. Ажиллагаа үргэлжилж байна” гэж тэрбээр бичсэн байна.  

Гурван мянга гаруй оюутан, багш байсан их сургуульд зэвсэглэсэн гурван этгээд өглөө эрт халдлага үйлджээ. Нийтдээ 10 хүртэл тооны террорист оролцсон уг халдлагын хариуцлагыг террорист "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэл хүлээсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ