Шинэ цогцолбор худалдааны төвд Цагаан-Сар үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 11:01:37

Хэнтий аймгийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Цагаан идээ-2016" үзэсгэлэн худалдааг энэ оны нэгдүгээр сарын 22-23-нд Чингис хотод баригдаж байгаа Зүүн бүсийг хангах худалдааны төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн сумдуудаас гадна  Дорнод, Сүхбаатар зэрэг бусад аймгийн иргэд аж ахуй нэгжүүд оролцож хэрэглэгчдэд шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Мөн шилдэг сум, шилдэг аж ахуй нэгж, шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг иргэнийг тодруулж шалгаруулдаг бөгөөд энэ үеэр үйлдвэрлэгчдийн зарим нь бараа бүтээгдэхүүнийхээ  үнийг тодорхой хувиар хямдруулж  худалдаалдаг юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 22-ны 13 цагт зүүн бүсийг хангах шинэ цогцолбор буюу "Эвт" худалдааны төвд зохион байгуулагдаж байгаараа онцлог гэж албаныхан онцоллоо.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ