Сэлэнгэ аймагт 1.3 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:16:38

Өвлийн бэлтгэлийн талаар багц мэдээ

Сэлэнгэ аймагт 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 1471684 толгой мал тоологдож, 559187 төл хүлээн авсан юм. Одоогийн байдлаар тус аймагт 2030871 толгой мал зусан, намаржиж байна.

Зундаа гантай байсны улмаас Сэлэнгэ аймагт хадлан тэжээлийн хүрэлцээ бага байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан мал бүхий иргэд малаа зах зээлд нэлээдгүй борлуулах боллоо. Ийнхүү малчид мал бүхий иргэд олон жилийн дунджаас арай их мал зах зээлд борлуулна гэж үзвэл аймгийн хэмжээнд  26710 тн мах бэлтгэх тооцоо гарч байгаа аж. Үүнийг тооцвол тус аймагт 1.3 сая толгой мал өвөлжих төлөвтөй байгаа юм. Өнгөрсөн зуны хувьд Сэлэнгийн малчид бусад аймгийн нутагт отор нүүдэл хийхээс гадна ихэнхи нь зуншлага сайтай байсан Түшиг, Хүдэр, Ерөө, Алтанбулаг, Хушаат сумын зүүн тал болон өөрийн сум орон нутагтаа байгаа гол, нуурын эрэг дагуу отор нүүдэл хийж малдаа тарга хүч авахуулах арга хэмжээ авч зусчээ. Тус аймгийн орон нутгийн төр захиргааны байгууллагаас малчдыг бусад аймаг, сумын нутагт отор нүүдэл хийхэд тухайн сумын удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай яриа хэлцэл хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллалаа. Түүнчлэн улаанбуудайн ургац муутай талбайгаас ногоон тэжээл боож малын тэжээлд бэлтгэж байна. Одоо орон нутагт хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөөний хашаа хороо засаж сэлбэх, өтөг бууц, хужир шүү бэлтгэх, намрын отроор мал сүргээ таргалуулан чамбайруулах, тарга тэвээрэг муу малыг заазлах, мал эмнэлгийн арга хэмжээнд мал сүргийг бүрэн хамруулах, бог малын хээлтүүлэгийн бэлтгэл ажлыг хангах зэрэг ажил зохион байгуулагдаж байна.

Сэлэнгэ аймагт уст цэгийн бэлэн байдал 98.2 хувьтай байна

Сэлэнгэ аймгийн хэмжээгээр өрхийн усан хангамж 100 хувьтай ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээгээр 2016 оны өвөл, хавар бэлчээрт инженерийн хийцтэй 516 худаг, 3295 энгийн уурхайн худаг ашиглагдах юм байна. Мөн уст цэгийн бэлэн байдал аймгийн дүнгээр 98.2 хувь, өрхийн усан хангамж 100 хувьтай байгаа ажээ.

5 сумын 32706 толгой мал оторлож явна

Сэлэнгэ аймгийн 5 сумын 32706 толгой мал өөр аймгийн нутагт отроор явж байна.

Тухайлбал Жавхлант сумын 5 өрхийн 2000 мал Төв, Хэнтий аймагт, Мандал сумын 6 өрхийн 2993 мал Хэнтий, Дундговь, Дорноговь аймагт, Орхон сумын хоёр өрхийн 849 мал Дундговь, 541 мал Говь-алтай аймагт, Орхонтуул сумын 21 өрх,  6165 мал Архангай, 8783 мал Төв, 11225 мал Говьсүмбэр аймгуудад тус тус оторлож байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд