Альпын нуруунд цасан нуранга үүсэж, таван цэрэг амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 06:13:13

ПАРИС. /ВВС/. Францын гадаад легионы цэргүүд буюу хөлсний цэргүүд Альпын нуруунд сургуулилт хийж байх үеэр цасан нуранга үүсэж, үүний улмаас таван цэрэг амиа алдаж, зургаан цэрэг гэмтсэн байна.

Италийн хилээс холгүй орших Вальфрежюс амралтын газрын ойролцоо цасан нуранга үүссэн бөгөөд тэнд 50 цэрэг цанын бэлтгэл хийж байжээ.

Цасан нурангад дарагдсан цэргүүдийг нохой болон нисдэг тэргээр хайж байна.

Өнгөрсөн долоо хоногт үүнээс холгүй мөн цасан нуранга үүсэж хоёр сурагч, нэг украин жуулчин амиа алджээ.

Вальфрежюс амралтын газраас 124 км зайтай “Ле дез Альп” цанын баазад цасан нуранга үүсэхийн өмнөхөн багш сурагчдаа дагуулан хаалттай цанын зам руу орсон байна. Тэр багшид хүн амины хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ