Монголын уран сийлбэрчид Харбинд ур чадвараа гайхуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-18 17:34:34

Монголын уран сийлбэрчид 2006 оноос хойш Манжуурын олон улсын уламжлалт цас, мөс, элс, модон сийлбэрийн тэмцээн, симпиозум, фестиваль наадамд өндөр амжилт гарган оролцох болсон билээ.

Энэ удаа ч хоёр он дамнан БНХАУ-ын Харбин хотноо сар шахам үргэлжилсэн тус наадмын 3 төрлийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай 12 уран сийлбэрчид медалийн хур буулгаж ур чадвараа гайхуулав. Энэ 5 дахь удаагийн олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 8 орны 45 уран бүтээлч оролцсон юм.

Тэмцээнд нэг баг 3 хүний бүрэлдэхүүнтэй, 6 өдрийн хугацаанд 180х80х50 см хэмжээтэй 10ш мөсөөр уран бүтээлээ сийлбэрлэсэн байна. Манай уран бүтээлчдээс алтан медалийг “Эх” бүтээлээр Д.Цэрэнбат Б.Доржнамжил Х.Батбаатар нар, мөнгөн медалийг “Салхи” бүтээлээр Д.Мөнхтуул Б.Отгонжаргал С.Цэнд-Очир, хүрэл медалийг “Тэмцэл” бүтээлээр Д.Ганхөлөг Ж.Бэхжаргал Э.Баттөр нар хүртсэн юм.

Дараагийн 28 дахь удаагийн олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд нийт 15 орны 64 нь уран бүтээлчид оролцсоноос Реалист төрөлд мөнгөн медаль, абстракт  төрөлд хэд хэдэн мөнгөн медаль монгол уран сийлбэрчдийн болов. Тус тэмцээнд нэг баг 2 хүний бүрэлдхүүнтэй, 3 өдрийн хугацаанд 200*200*50см хэмжээтэй 1ш мөсөөр сийлбэрлэдэг байна. Тухайлбал, “Эхлэл” бүтээлээр Б.Доржнамжил Х.Батбаатар, “Амьдрал” бүтээлээр Д.Мөнхтуул Б.Отгонжаргал нар мөнгөн медаль хүртжээ.

Мөн хамгийн сүүлийн 21 дахь удаагийн олон улсын цасан сийлбэрийн тэмцээнд нийт 12 орны 112 уран бүтээлчид оролцож манайхан мөнгө, хүрэл, тусгай байрын  шагналыг хүртлээ. Энд нэг баг 4 хүний бүрэлдхүүнтэй, 5 өдрийн хугацаанд 300*300*400см хэмжээтэй цасаар сийлбэр бүтээдэг байна. Тухайлбал, “Аялгуу” бүтээлээр Ц.Мөнх-Эрдэнэ Х.Алтанхүү Д.Ганхөлөг А.Баттулга нар мөнгө, “Оргилд” бүтээлээр Д.Мөнхтуул Б.Отгонжаргал Ж.Бэхжаргал Э.Баттөр нар хүрэл, “Эх дэлхий бидний гэр” бүтээлээр Д.Цэрэнбат Б.Доржнамжил Х.Батбаатар С.Цэндочир нар тусгай шагналын эзэд болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ