Гэрээт цэгүүдэд нүүрсний үнэ зах зээлийнхээс 500-700 төгрөгөөр хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:37:32

Дархан-Уул аймгийн бүх сумдын ЗДТГ-аас "Шарын гол" ХК-тай хамтарч хүйтний улиралд хэрэглэгчдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд нэмээд "Алаг толгой"-н нүүрсийг ч зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэх ажлыг эхлүүлжээ.

Дархан сумын хэмжээнд "Шарын гол"-ын нүүрс борлуулах 24 гэрээт цэг байгаа бол "Алаг толгой"-н гэрээт цэгийг 40 байршилд байгуулжээ. Одоогийн байдлаар нүүрсний үнийн хувьд "Шарын гол" ХК-ийн нүүрс 20 кг-ын савлагаатай нь 1800 төгрөг, 30 килограммын савлагаатай нь 2700 төгрөгөөр худалдаж байна. "Өмнөх жилүүдийг бодвол энэ жил нүүрсний чанар сайн байгаа болохоор хэрэглэгчдээс гомдол ирэхээ больсон" гэж гэрээт цэгийн борлуулагч Г.Батсайхан ярилаа. Тэрбээр “Гэрээт цэгүүдээр зарагдаж байгаа нүүрсний үнэ өмнөх оноос буусан учир хэрэглэгчид хямд үнэтэй, чанартай нүүрсийг сонгож байгаа аж. Есийн жавар тачигнаж өдөртөө хасах 30 хэм давж хүйтэрч байгаа энэ үед түлээ нүүрсний хэрэглээ илүү нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс ид хүйтний үед их хэмжээний нүүрс борлуулах боломж бий. Харин үүнд нийлүүлэгч компанийн бололцоо нь хэр байгааг хэлж мэдэхгүй байна” гэв. Сумын ЗДТГ-ын мэдээгээр энэ жилийн нүүрсний хэрэглээ өмнөх оныхоос 1019 тн-оор нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн нүүрснээс гадна айлууд галлагаандаа аргал, хөрзөнг түлхүү хэрэглэдэг болж өнгөрсөн оны байдлаар гэхэд аргалын хэрэглээ 256,8 тонн, хөрзөнгийн хэмжээ 1503,9 тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ