Аж үйлдвэрийн салбар шилдгүүдээ тодрууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-15 16:18:14

Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ий үеэр тус салбарын 2015 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.

Аж үйлдвэрийн салбарийн тэргүүн дээд шагнал “Билэгт гөрөөс” цомын эзнээр “Эрдэнэт хивс” компани тодорлоо. Тус компани нь жилд 1 сая 500 мянган метр квадрат хивс нэхэх, 2 сая тонн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 4 сая 400 мянган тонн ноос угаах үндсэн 3 үйлдвэртэй. Нийт 1400 гаруй ажилтантай бөгөөд Монгол Улсын хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. Мөн Монгол Улсад анх удаа даавуунд нано боловсруулалт хийх технологийг  нэвтрүүлж “Ухаалаг даавуу” үйлдвэрлэсэн байна.

Мөн салбарын тэргүүний аж ахуйн нэгжээр “Денимон”, “Натурал эссеншлс”, “Дархан нэхий”, “Долоон болдог”, “Экологбус” “Сонгинохангай”, “Говь”, “Хөтөлийн “цемент-шохой” компани тодорч “Өргөмжлөл” гардлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ