Эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 16:12:36

Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөлгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Өнгөрсөн онд АҮЯ-наас 2015-2030 оны богино, дунд, урт хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, УИХ баталсан. Уг бодлогын эхний үе шат буюу 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, түүхий эдийг дотооддоо боловсруулах, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг батлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Үйлдвэржилт бол зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх ойлголт бус эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтээрээ хөдөлмөрлөж бүтээх, хэрэглэх, экспортлох эх орны хөгжлийн түлхүүр ойлголт юм. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3 тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж, үндэсний хөрөнгө  оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд хүрсэн байна. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид нийт 6.2 их наяд  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь манай улсын төсөвтэй дүйцэж байгаа том тоо мөн. Энэ онд цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллараар буурсан. Зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мян.ам.доллараар буурсан. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд тогтоосон импортын тарифын зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна. Цаашид дотоодын үйлдвэрлэл эх орны зах зээлийг хангаж чадах бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын бараанд гаалийн тарифын зохицуулалт хийнэ” гэлээ.

Төр бол Монгол Улсын хамгийн том худалдан авагчийн нэг. Салбарын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээр хангах талаар АҮЯ, БХЯ-ны хооронд 2015 оны нэгдүгээр сард хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрээс 3.3 тэрбум төгрөгийн нормын хувцас, 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, 463,9 сая төгрөгийн барилгын материал тус тус худалдан авсан байна.

Монгол Улс дунд орлоготой, эдийн засгийн хурдан өсөлттэй орон болж байгаа учир үйлдвэржилтийн хөгжлийн хандлага анхан шатны боловсруулалтаас илүү гүн боловсруулалтад шилжих үе ирсэн. Төрийн бодлогын зорилго ч энэ чиглэлд түлхүү тодорхойлогдсон. Иймээс 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан хэмээн Д.Эрдэнэбат сайд хэллээ.

Засгийн газар төрийн худалдан авах 12 бүлгийн 101 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Батлан хамгаалах салбар эдгээрээс 65 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жил бүр худалдан авдаг талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэллээ.

Тус салбар 2014 оноос хойш “Монгол алтан тос” компанийн “Алтан тос” ургамлын тосоор зэвсэгт хүчний хэрэгцээг бүрэн хангаж байгаа аж. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа өртөг өндөртэй ч чанар, эдэлгээний хугацаа богино байгаа зарим бараа, бүтээгдэхүүн тендер шалгаруулалтын хэмнэлттэй үр ашигтай байх зарчимтай нийцэхгүй байх хандлага харагдаж байгаа аж. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчдийг барааны чанар, үнэ өртөгт анхааран, төрийн худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахыг Ц.Цолмон сайд хүслээ.

Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл оролцож байна. Тус зөвлөлгөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ