Хятадууд Сарны ар тал руу сансрын аппарат хөөргөнө

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-01-15 12:56:46

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс Сарыг эзэмших шинэ үе шатанд албан ёсоор бэлтгэж эхэлсэн байна. Хятадын Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техник болон аж үйлдвэрийн газраас мэдээлснээр, 2018 онд сансрын “Chang'e-4” аппарат нь таталцлын хүчний нөлөөгөөр дэлхийгээс харагддаггүй Сарны ар талд газардах ёстой байна. Энэ тухай “Xinhua” агентлаг мэдээлжээ.

“Chang'e-4” аппаратын ажиллагаа нь хүн төрөлхтний түүхэн дэх анхны ийм экспедиц болно” гэж тус газрын дэргэдэх сарны судалгааны төвийн дарга Лю Зиньжун мэдэгдсэн байна. Ийм төсөлд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны мэдлэг болоод технологийн өндөр түвшнийг Хятад улс “бахархалтайгаар харуулна” гэж тэрбээр хэлжээ. Хятадын “Chang'e-3” модуль 2013 оны 12 дугаар сард Сарны гадаргууд хөнгөн газардсан бөгөөд өнөө болтол дэлхийд мэдээлэл дамжуулж байгаа юм. “Chang'e-4” нь уг модультай адилхан байх боловч их хэмжээний ачаалал дааж чаддаг байх аж.

Уг аппарат Сарны ар талын геологийн бүтцийг судлах төлөвтэй байна. Дараа нь хятадууд “Chang'e-5” аппаратын тусламжтайгаар Сарны тойрог замд гарахаар төлөвлөж байгаа аж. Хятадууд уг аппаратыг бүтээх ажилдаа хэдийн оржээ. “Chang'e” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.  Хятад улс 2015 оны эхээр бусад орныг сансрын төслүүддээ оролцохыг урьжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ