Шилдэг сурагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:03:41

Архангай аймгийн Нутгийн захиргааны ордны VIP танхимд аймгийн ЗДТГ, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтран 2015 онд гаргасан амжилт, хийж бүтээсэн зүйлээр нь есөн номинациар шилдэг сурагчдыг тодрууллаа.

Тухайлбал, сурлагын амжилт, танин мэдэхүй номинацид Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Жамбиймолом, урлаг уран бүтээл номинацид мөн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мандухай, биеийн тамир, спорт, бие бялдрын  хөгжил номинацид Цэцэрлэг хотын спортын төрөлжсөн сургалттай сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Оюунгэрэл, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага хөдөлгөөн хамт олны удирдлага зохион байгуулалт номинацид Эрдэнэбулган сумын гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн Ч.Мөнхчимэг тодорчээ.

Харин эх орны түүх, соёл, өв уламжлал номинацид Өндөр-Улаан сум ЕБС-ийн наймдугаар ангийн сурагч Т.Лувсангүнгэрэг байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацид Эрдэнэбулган сумын гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн Б.Намуун, хүмүүнлэг энэрэнгүй үйлс ёс суртахууны чанар номинацид Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн 10 дугаар ангийн Г.Дайвийчангар, техникийн сэтгэлгээ шинийг сэдэх санаачлах онцлог номинацид Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн Э.Оч-Эрдэнэ, бүтээлч ажилч хичээнгүй байдал мэргэжлийн чиг баримжаа номинацид Эрдэнэбулган сум гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.

Онцлох 9 сурагчийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал, хүүхдийн сайн сайхны төлөө  хамтран ажилладаг байгууллага аж ахуйн нэгж болох Төрийн банк, Хас банк, Хаан банк, Улам баяжихуй ХХК, Флом ОУБ, Буман боргоцой ХХК, fair field, unitel, skytel Архангай дахь салбар, нэгдүгээр цэцэрлэгийн  хамт олон  хүндэтгэл үзүүлж мэндчилгээ, гарын бэлэг гардууллаа.

Ёслолын арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх зургийн дугуйлангийн сурагчид “Арын сайхан хангай” хайчилбар зургийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Архангай аймаг. Л. Булган

 

Холбоотой мэдээ