Жакартад террористууд хотын төвийн барилгын дээврийг эзэлжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-14 15:01:25

БАНГКОК. /TASS/. Индонезын нийслэл Жакарта хотод пүрэв гарагт халдлага үйлдсэн террористууд тус хотын төвд “Жакартагийн театр” гэж мөн нэрлэдэг "Горизонт" гэдэг барилгын дээврийг эзэлжээ. Энэ тухай хотын цагдаагийн дарга Антон Чарлиян мэдээлсэн байна.

“Гэмт этгээдүүдийн хэн болохыг одоогоор тогтоогүй боловч “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй. Учир нь бид урьд нь Жакартад “концерт” төлөвлөж байгаа гэх мэдээллийг “Лалын улс”-аас хүлээж авсан” гэж Чарлиян мэдээлжээ. Гэмт этгээдүүүд хүмүүсийг барьцаалсан эсэхийг цагдаа нар одоогоор мэдэхгүй байгааг тэрбээр мөн мэдээлсэн байна. "Горизонт" барилга нь урьд нь гэмт этгээдүүд гар бөмбөг, галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн "Саринах" худалдааны төвөөс холгүй оршдог аж. 

Жакарта хотод зургаан дэлбэрэлт болсон тухай Индонезын "Компас" сонинд урьд нь өдөр мэдээлжээ. Цуврал дэлбэрэлт болсны дараа гэмт этгээдүүд цагдаа нартай буудалцаж эхэлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, дэлбэрэлтүүдийн нэг “Starbucks” кафены эсрэг талд оршдог "Саринах Тхамрин" худалдааны төвийн хажууд болжээ. Жакартад болсон цуврал дэлбэрэлтийн улмаас наад зах нь таван хүн амиа алдсаны нэг нь цагдаагийн ажилтан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ