М.Оюунчимэг: Гарааны бизнес эрхлэгчид эрхзүйн орчноо судлаагүйгээс алддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 12:48:01

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг томоохон бизнесийн байгууллагуудтай холбох зорилгоор МҮХАҮТ, “Startup Mongolia” байгууллага хамтран энэ сарын 14-15-нд “Boosting Mongolia-2016” уулзалтыг анх удаа зохион байгуулав.

Уг уулзалт нь гарааний бизнес эрхлэгчдийг өөрийн бизнесээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэхэд чиглэж байгааг “Startup Mongolia” байгууллагын ТУЗ-ын дарга Б.Бүүвэй хэллээ.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.

-Өнөөдрийн уулзалтын үеэр хөндөж байгаа гол асуудал нь юу байна вэ?

-МҮХАҮТ гарааны бизнес эрхэлж байгаа эсхүл бизнесийн санаатай хүмүүсийг томоохон бизнес менүүдтэй холбох зорилт тавин ажиллаж байна. Аливаа бизнес дандаа шинэчлэгдэж, шинэлэг санал, санаачлагад тулгуурлан хөгждөг. Ашигтай бизнесийн санааг хөгжүүлэхийн тулд томоохон компаниудтай хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг авах нь бизнесээ хөгжүүлэх хамгийн зөв шийдэл. Тиймээс хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг гарц, шийдлийг олоход гол анхаарлаа хандуулж байна.

-Гарааны бизнес эрхлэгчдийг томоохон компаниудтай хэрхэн холбож ажиллах  вэ?

-Компани бол санхүүжилт. Харин гарааны бизнес бол шинэ санаа юм. Өмнө нь манай улсад энэ хоёрыг холбох уулзалт болж байгаагүй. Энэ удаагийн уулзалтаар бид хамтран ажиллах бүхий л боломжийг нээхийн төлөө хичээх болно. Одоогоор салбар бүрт амжилт гаргасан томоохон компаниудын удирдлагууд гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж өөрсдийн туулсан зам, туршлагаасаа хуваалцаж байна. Маргаашийн хурлаар илүү нарийн зүйлсийг хэлэлцэнэ.

-Гарааны бизнес эрхлэгчид шинэ санаагаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай вэ. Ямар асуудалд хамгийн их алдаа гаргаж байна вэ?

-Бизнесээ эхэлж байгаа хүмүүст бизнесийн тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй. Мөн санхүүжилт хэрэгтэй. МҮХАҮТ гарааны бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэгчтэй холбох, их дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн хууль, эрхзүйн орчноо маш сайн судалсан байх шаардлагатай. Хууль эрхзүйн орчноо судлаагүйгээс болж алдаа гаргах тохиолдол их байна.

-Бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс хэрэглэгчээ хэрхэн татах вэ. Хэрэглэгчид дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн өндөр үнэтэй гэж үзээд импортын бараа авах магадлал өндөр байдаг?

-Монголчууд түүхийн ихэнх хугацаандаа импортлогч орон байсан. Манай дотоодын үйлдвэрүүд ихэвчлэн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол импортын бараа бүтээгдэхүүн химийн хольц ихтэй. Тиймээс тухайн бүтээгдэхүүний чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах шаардлагатай. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд сав, баглаа, боодлоос эхлээд олон хүний хүч, хөдөлмөр ордог. Энэ бүх оюуны болон биеийн хүч хөдөлмөрөө хэрэглэгчдэд таниулах шаардлагатай байна. Зөвхөн дотооддоо төдийгүй үйлдвэрлэгчдээ олон улсад болж буй томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох боломжоор хангаж, гадаад зах зээлээ бэлдэх нь зөв.

-Шинээр бизнес эрхлэгчдийг төрийн зүгээс хэрхэн дэмжих вэ?

-Шинээр бизнес эрхлэхэд үйл ажиллагаа явуулах байрнаас эхлээд л асуудал үүсдэг. Тиймээс төрөөс бизнесээ эхлэх байрыг нь бэлдэх, бага хүүтэй зээл олгох зэрэгт анхаарах шаардлагатай.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ