Хятадын түшмэл асан авлигын хэргээр ял шийтгүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-12 14:41:59

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Тяньжин хотын шүүх тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах дэд сайд асан Ли Дуншэнийг авлигын хэрэгт буруутай гэж үзэн, 15 жил хорих ял оноожээ. Шүүх мөн ял шийтгүүлсэн этгээдийн 1 сая юанийг /152 мянга орчим доллар/ хурааж авах шийдвэр гаргасан тухай мэдээллийн “Сина” цахим хуудсанд мэдээлсэн байна.

Прокурорын газраас түүнийг “1996-2013 онд гуравдагч байгууллага болон хувь хүний ашиг сонирхолд албан тушаалаа урвуулан ашигласан”, 21.98 сая юанийн /3.35 сая орчим доллар/ авлига авсан хэрэгт буруутгажээ.

Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо 2013 онд Ли Дуншэнийг “хууль болоод намын сахилга батыг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутгаж, түүний хэргийг шүүх эрх мэдэл байгууллагад шилжүүлсний дараа мөрдөн шалгаж эхэлсэн байна. 2014 оны хоёрдугаар сард Нийгмийн аюулаас хамгаалах дэд сайдын албан тушаалаас нь огцруулжээ.

Ли Дуншэний хэргийг Хятадын эх сурвалжууд тус улсын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан, Нийгмийг аюулаас хамгаалах сайд асан Жоу Юнкантай холбодог байна. Жоу Юанкан 2015 оны зургадугаар сард авлига авсан, улсын нууцыг задруулсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан юм.

"Чайна дейли" сонинд бичиж байснаар, Жоу Юанкан, Ли Дуншэн, Хятадын Цэргийн төв хорооны орлогч дарга асан Сюй Цайху, Чунцин хотын намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бой Силай, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга асан Лин Зихуа нар Коммунист нам дотор “өөрсдийн фракцыг үүсгэжээ”.

Хятадад Си Зиньпин тэргүүтэй тус улсын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ