Сургалтын төлбөрийн 10 хувийг татварын буцаан олголтоор авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-12 13:07:06

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг. /Бүрдүүлэх материалыг хүснэгтээс харна уу/

Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгоно гэсэн үг.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нь иргэдэд маш ашигтай ч  бичиг баримтаа бүрдүүлж, тайлангаа мэдүүлэхийн тулд багагүй ачаалал үүсгэж, цаг хугацаа алддаг. Харин энэ жилээс Татварын албанаас зохицуулалт хийж, иргэдийн тайланг цахим хэлбэрээр авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь бичиг баримтаа бүрдүүлсэн иргэд татварын байцаагчид тушаан, байцаагч иргэдийн материалыг нь үндэслэн нэг бүрчлэн тайланг нь бичдэг байсан юм. Тиймээс цаг хугацаа алдахгүйн тулд энэ жилээс иргэд өөрсдөө цахим хэлбэрээр тайлнгаа бичиж хэвлээд татварын албанд бусад материалын хамт өгөх болж байна. Ингэснээр урт дараалал үүсэхгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй гэж үзэж байгаа бөгөөд дараа дараагийн жилээс иргэдийг биечлэн ирүүлэхгүйгээр материал хүлээн авдаг тогтолцоонд шилжих бэлтгэлийг үүгээр хангаж байгаа аж. Харин иргэдийн хувьд цахим тайлан бичихийн тулд харьяа дүүргийнхээ Татварын албанаас www.e-tax.mta.mn цахим хуудаст нэвтрэх үг болон нууц кодыг авах шаардлагатай юм байна.

Ингээд татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой түгээмэл асуултуудад Татварын албанаас хариулж байна.

-Байр анх худалдаж аваад түүнээсээ буцаан олголт авч байсан. Дараа нь дахин байр худалдан авах эсвэл байшин бариулахад хөнгөлөлт эдэлж болох уу? 

-Болохгүй. Татварын хөнгөлөлтийг зөвхөн нэг удаа эдлэх боломжтой. 

-Бэлэглэлийн гэрээгээр, эсвэл байгууллагаас орон сууц өгсөн бол хөнгөлөлтөд хамрагдах  уу? 

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ХХОАТ төлөлтийн хувь хэмжээнээс тогтоодог. Энэ тохиолдолд бэлэглэлийн гэрээгээр тухайн иргэн ямар ч төлбөр төлөлгүйгээр байртай болсон учраас буцаан олголт авахгүй. 

-Байрныхаа мөнгийг дундаасаа гаргаж, хүнтэй хамтран авсан бол буцаан олголтын мөнгөө хэрхэн авах вэ? 

-Хамтран худалдсан авсан бол арай илүү татвар төлсөн нь хөнгөлөлтийнхөө материалыг бүрдүүлж буцаан олголтоо авсан нь илүү оновчтой. Өөрөөр хэлбэл, дундаа авсан бол нэг нь буцаан олголт авах юм. 

-Магистрт сурсан бол төлсөн төлбөрөөсөө буцаан олголт авч болох уу? 

-Магистр, докторын сургалтанд суралцагч уг хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй. Зөвхөн их, дээд сургууль, коллежид бакалаврын зэрэгтэй  суралцагчийн төлбөрөөс буцаан олголт хийнэ. 

-Зарим оюутнууд сургалтын төлбөрөө төлсөн хэрнээ хөнгөлөлт эдэлж чадахгүй байна. Ямар шалтгаантай юм бол? 

-Төлбөр төлөгч тухайн жилдээ бодит орлого олоогүй, олсон ч түүнээсээ Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй бол хамрагдах боломжгүй юм. Хамгийн гол нь сургалтын төлбөрийн хувьд төлбөр төлсөнөө батлах баримт хэрэгтэй. Заримдаа төлбөрөө сургуульдаа шууд тушаачихдаг. Банкиар дамжуулж тушаавал банкны баримт нотолгоотой тул амар байдаг. Хэрэв сургалтын албандаа шууд тушаасан бол төлбөр төлсөн гэсэн баримт гаргуулж тамга даруулан буцаан олголт авахад шаардлагатай бүрдүүлэх материалдаа хавсаргах хэрэгтэй. Хөнгөлөлтийн материалаа дараа жилийн хоёрдугаар сард өгч тайлагнадаг учраас тэрхүү баримт хуудсаа сайтар хадгалж байх хэрэгтэй.

-Гадаадад хүүхдээ сургаж байгаа бол сургалтын төлбөрийг нь ам.доллараар тооцож байсан бол хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ? 

-Хуулинд гадаад, дотоодын сургуульд гэж заасан. Тиймээс татвар төлөгч нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ам.доллараар хийж байсан бол тухайн үеийн валютын ханшаар тооцон буцаан олголтыг өгнө. Төлбөр төлсөн, банкны гуйвуулгын маягтаар баталгаа болгон гэдгийг сануулъя. 
 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ