Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМИАТ ХК-тай 40 гаруй жил амьдралаа холбож, өнгөрөгч 10 дугаар сар хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан өчигдөр АТГ-т хандаж Зам тээврийн сайд М.Зоригтыг шалгуулах хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурджээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн, МИАТ-ийн ахмад ажилтан, гавьяат нисэгч өргөдөлдөө Зам тээврийн сайдыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг онцлов. М.Зоригт сайд нь 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшиж буй Голомт банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулж, тулган шаардаж шилжүүлсэн. Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг зөрчиж, МИАТ ХК-ийн эрх ашгийг үл ойшоон Турк Эйрлайнс команийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан зэрэг нь далайд гарцгүй манай орны хувьд Агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул Үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье гээд өргөдлийн хамт ТӨХ-ны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын протокол тэмдэглэл, бичлэгийг хавсаргажээ.Тэрхүү ТӨХ-ны хурал дээр М.Зоригт сайдыг эрх мэдлээ урвуулж буйг мэдээлснээсээ хойш яг долоо хоногийн дараа Г.Жаргалсайхан МИАТ-ийн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарсан юм. Гэвч Г.Жаргалсайхан Зам тээврийн сайдыг АТГ-д шалгуулах болсон шалтгаанаа ажлаас халагдсантай холбоогүй гэв. Харин “АТГ-д хандсан нь үнэн, мөнийг тогтооно гэдэгт итгэж байна” гэдгийг хэлсэн байна.
Ж.Батсайхан