Нэмэлт хориг арга хэмжээг хамтран боловсруулахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-07 15:21:04

СӨҮЛ. /TASS/. Нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт явуулсантай холбоотойгоор Өмнөд Солонгос болон АНУ-ын Ерөнхийлөгч нар Умард Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Пак Гын Хэ, Барак Обама нар 20 минут утсаар ярилцахдаа, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөнийхөө төлөө Умард Солонгос зохих хариуг амсах ёстой” гэдэгтэй санал нэгдлээ гэж хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ. Үүнээс гадна, Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч авахаа амлаж, Пак Гын Хэ үүний хариуд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Хоёр орны Ерөнхийлөгч нарыг утсаар ярилцаж дууссаны дараа нийтэлсэн Цагаан ордны мэдээлэлд мөн тэд Умард Солонгосын “өдөөн хатгалгад олон улсын хамтын нийгэмлэгээс өгөх зохих хариуг бэлтгэхийн тулд нэг дуу хоолой гаргахаар” тохиролцсоныг онцлон тэмдэглэжээ. “Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаныг" Пак Гын Хэ, Барак Обама нар буруушаагаад энэ нь НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг оруулаад олон улсын хуулиудийг зөрчиж байна гэдэгтэй санал нэгджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ