Иракаас цэргээ гаргахыг Обама Туркт уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-07 09:35:55

ВАШИНГТОН. /Xinhua/. Зөвшөөрөлгүй оруулсан цэргээ Иракаас эргүүлэн татахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Туркт уриалсныг Цагаан ордон мэдээлэв.

Иракийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмждэгийг тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абадитай утсаар ярих үеэрээ Обама дахин нотолсон гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Саудын Араб, Ираны хооронд дипломат маргаан дэгдсэний дараа, бүс нутгийн улсууд “даруу төлөв байж, өдөөн хатгалгын шинжтэй үг, үйлдэл хийх болон шашны урсгалаас үүдсэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийх” хэрэгтэй талаар Обама, Абади нар санал нийлжээ.

Саудын лалын шиитийн санваартан шейх Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсан болон тус улсын Тегеран дахь дипломат байранд халдсан асуудалд санаа зовж буйгаа хоёр удирдагчийн аль аль нь илэрхийлсэн байна.

Бүх талууд дипломат хамтын ажиллагаа, яриа хэлцээгээ үргэлжлүүлэх нь чухал гэдэгт Обама, Абади нар санал нийлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ