Хятадын хил орчмын бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-06 15:48:25

МОСКВА. /RIA Novosti/. Устөрөгчийн бөмбөг туршсанаа Умард Солонгос мэдэгдсэний дараа мэдрэгдсэн газар хөдлөлтийн улмаас Хятадын хил орчмын бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ гэж CCTV телевизээр мэдээлжээ.

Умард Солонгосын Янгандо мужийн Пхунгери цөмийн полигоны бүсэд гадны нөлөөллөөс үүдэлтэй 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд лхагва гарагийн өглөө мэдээлсэн байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, газар хөдлөлтийн магнитуд 5.1 байжээ. Үүний дараа Умард Солонгос “устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа” төв телевизээрээ тусгайлан мэдэгдсэн.

“Хятад болон Умард Солонгосын хилийн ойролцоо устөрөгчийн бөмбөг туршсаны дараа түлхэлт мэдрэгдсэн. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна” гэж CCTV телевиз “Twitter” сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ