Болзол хангасан тариаланчдын материалыг яаманд хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:59:38

XVII жарны “Галзууруулагч” хэмээн модон хонин жил төгсгөл сардаа ирж, “Муу нүүрт” хэмээх гал бич жил хаяанд ирлээ. Он тоолол солигдох мөчид улс, аймаг, сумаас тэргүүний хөдөлмөрч иргэдээ шагнан урамшуулдаг уламжлалтай.Өвөрхангай аймгийн ИТХ хуралдаж, улсын тэргүүний тариаланчийн болзлыг биелүүлсэн нэр бүхий хүмүүсийг тодруулан холбогдох материлыг ХХААЯ-нд хүргүүлээд  байна. 

Хонин жилд Хархорин суымын 3 дугаар багийн тариаланч С.Жамьяансүрэн, Тарагт сумын 3 дугаар багийн тариаланч Л.Чогдон нар Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батласан “Улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ын болзлыг хангаад байгаа юм.

С.Жамьяансүрэн нь Хархорин суманд 20 жил газар тариалан эрхлэж байгаа ба 2014 онд “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарч байжээ. Тэрээр өөрийн гэсэн техник, тоног төхөөрөмжтэй, зоорьтой, дуслын болон бороожуулах усалгаагаар төмс, хүнсий ногоогоо усалдаг, төмсний үрээ 3-4 жилд шинэчилж, таримлын нэр төрлийг олшруулан сүүлийн гурван жилд нэгж талбайгаас тогтвортой ургац авч байгаа аж. 2015 онд тариалангийн эргэлтийн 600 га талбайгаас 108 га талбайд улаан буудай, төмс, хүнсний ногоо тарьж,  408 тонн ургац хураан авсан ба 376 тонныг зах зээлд борлуулж 260 гаруй сая төгрөгийн ашиг олжээ.

Л.Чогдон нь газар тариалангийн салбарт 17 жил ажиллаж, 2014 онд “Аймгийн тэргүүний тариаланч” болсон байна. 2015 онд 3,2 га талбайд тариалалт хийн 70 гаруй тонн ургац хураан авч, зах зээлд 30 тонныг борлуулан 18 сая төгрөгийн ашиг олсон байна. .

Б.Батчимэг

Холбоотой мэдээ