Заналхийлсэн бичлэгийг Кэмерон няцаав

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-05 09:09:45

ЛОНДОН. /Anadolu/. “Лалын улс”-ын хүн цаазаар авж буй бичлэгийг “газар нутгаа алдаж буй” бүлэглэлийн “аргаа барсан үйлдэл” гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон няцаажээ.

Сөхрүүлсэн хоригдлуудыг цаазлахаасаа өмнө заналхийлсэн үг хэлж буй, их британи аялгатай, баг зүүсэн этгээдийн бичлэгийн хариуд Их Британийн Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн байна.

“Хамгийн жигшмээр, аймшигт зүйлийг хийдэг байгууллагын аргаа барсан үйлдэл бөгөөд хүмүүс тэднийг өнөөдөр дахин харлаа” гэж Лондон хотын зүүн хэсэгт зочлох үеэрээ тэрбээр хэлжээ.

“Лалын улс” газар нутгаа болон дэмжлэгээ алдаж байна. Ямар гутамшигтай бүлэглэлтэй бид тулалдаж байгааг харууллаа. Терроризмын ямар ч хэлбэрээс Их Британи айхгүй гэдгийг би мэднэ. Бидний үнэт зүйлс тэднийхээс хамаагүй хүчтэй. Удаан үргэлжилж магадгүй ч бид тэднийг ялна” гэж Дэвид Кэмерон хэлсэн байна.

Ням гарагийн шөнө цахим хуудаст байршуулсан бичлэгтээ гар буу барьж, баг зүүсэн этгээд Кэмероныг “хэдхэн нисэх онгоцоор сүрдүүлсэн жижиг арал удирдсан”, “тэнэг амьтан” гэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ