Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:50:42

Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж салбар салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэд шинэ оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн түүхт ойг тохиолдуулж Дархан-Уул аймгийн төр, захиргаа, аудит, гааль, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбар болон нийтийн аж ахуйд олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж аймгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаа төр засгаараа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар уг шагналыг гардуулав.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дэд захирал, Ерөнхий инженер Г.Туяахүү, Дархан дээд сургуулийн захирал Ч.Батдэлгэр, аймгийн Гаалийн хорооны дарга Б.Алтангэрэл, Төв Номын сангийн захирал Д.Цэрэндаваа нарын 10, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор н.Цэдэв нарын хоёр, “Алтан гадас” одонгоор ЛХА телевизийн захирал Д.Сарантуяа, УСАГ-ын ахлах машинист Х.Байгальмаа, Төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан Д.Оюунсүрэн, өндөр настан М.Баянхүү нарын 36, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар аймгийн Татварын улсын байцаагч С.Болдбаатар, Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Д.Болормаа нарын 27, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор н.Цэдэв нарын гурван хүн шагнууллаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ