NYT: ОХУ цэргийн чадавхиа үлэмж бэхжүүлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-25 11:06:34

НЬЮ-ЙОРК. /TASS/. ОХУ сүүлийн жилүүдэд цэргийн чадавхиа үлэмж ихээр бэхжүүлж, Зэвсэгт хүчнийхээ байлдааны чадварыг нэмэгдүүлж, шинэчилжээ. Ийм дүгнэлтийг Америкийн “The New York Times” сонины цахим хувилбарт пүрэв гарагт гарсан нийтлэлд хийсэн байна.

“ОХУ Зэвсэгт хүчнээ бэхжүүлсэн бөгөөд  хүйтэн дайнаас хойш байгаагүйгээр эрч хүчтэйгээр байр сууриа дэлхийн тавцанд бэхжүүлсэн нь Өрнөдтэй хийж буй харилцаан дахь түгшүүртэй байдлыг улам хурцатгасан” гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ.

“Нөлөөгөө бэхжүүлэхэд” Москва мөс хайлсны улмаас байгалийн шинэ нөөц олборлох боломжтой болж, мөн хөлөг онгоц явах шинэ зам нээгдэх Арктикт одоо байгаа баазуудынхаа ашиглалтыг сэргээж, мөн шинээр бааз барьж байна гэж “The New York Times” сонинд бичжээ. Тус сонинд тэмдэглэж буйгаар, ОХУ сүүлийн жилүүдэд цэргийн зардлаа нэмэгдүүлж, мөн олон мянган цэрэг, офицер оролцсон сургуулийг тогтмол хийх болсон байна. Ийм сургуулиуд нь “цэргүүдийн хувьд дасгал сургууль болж, харин дэлхийн нийтэд цэргийн сүр хүчээ харуулж байна” гэж “The New York Times” дүгнэжээ. Түүнчлэн тус сонинд оросууд Зэвсэгт хүчнээ шинэчлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэж байна. “Тус улс 2020 гэхэд зэвсэглэлийнхээ 70 хувийг шинэчлэх зорилгоор цэргийн техникүүд худалдан авч, шинэчлэн сайжруулж байна” гэж тус сонинд гарсан нийтлэлд дурджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ