Умард Солонгосын 2500 гаруй иргэн Монгол, Польшид ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 12:30:24

СӨҮЛ. /Yonhap/. Эрх нь зөрчигдсөн, ажлын хүнд нөхцөлд Умард Солонгосын 2500 гаруй иргэн Монгол болон Польшид ажиллаж байна гэж Өмнөд Солонгосын иргэний байгууллага мэдэгдэв.

Монголын барилгын салбар, оёдлын үйлдвэрт 1800 орчим умард солонгос, Польшийн усан онгоцны үйлдвэр болон барилгын салбарт 800 орчим умард солонгос аргагүйн улмаас ажил эрхэлж байна гэж Умард Солонгосын Хүний эрхийн мэдээллийн төв мэдэгджээ.

Умард Солонгост мөнгө олоход хэцүү учир тус улсын 50 мянга гаруй иргэн гадаадад, голдуу, БНХАУ, ОХУ-д хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй байна гэж Умард Солонгосын хүний эрхийн байдлыг илтгэгч, НҮБ-ын ажилтан Марзуки Дарусман мэдэгдсэн байна.

Монгол Улс нь Умард Солонгостой урт хугацаанд ойр харилцаатай байсан бөгөөд ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог газар зүйн өвөрмөц байрлалтай улс юм. Тус улсад Умард Солонгосын хэдэн мянган иргэн хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж иргэний байгууллага мэдэгдэлдээ дурджээ.

Монгол болон Польш дахь Умард Солонгос иргэд өдрийн 12 цаг ажиллаж, 100 хүрэхгүй долларын цалин авсныхаа 90 орчим хувийг нутаг руугаа илгээдэг гэж тус байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ