Их Британи Европын Холбоонд 4 хүсэлт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-21 14:13:03

ЛОНДОН. /Anadolu/. Европын удирдагчидтай уулзах үеэрээ Их Британийн Европын Холбооны гишүүнчлэлийг дахин хэлэлцэх тухай “тохиролцоонд хүрэх зам”-ыг тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон танилцуулжээ.

Их Британи Европын Холбоонд үлдэх эсэх талаар 2017 онд багтаан бүх нийтийн санал хураалт явуулахаа британичуудад амласан Ерөнхий сайд Брюссельд болсон оройн зоогийн үеэр саналаа танилцуулжээ.

Эдийн засгийн засаглал: Европын Холбооны гишүүн 8 улсын адил Их Британи еврогийн бүсэд оролгүйгээр, фунт стерлингээ хэвээр үлдээхийг сонгосон. Цаашдаа санхүүгийн хувьд нэгдэхийг еврогийн бүсийн бус орнуудад албадахгүй гэдгийг амлахыг Дэвид Кэмерон хүсэж байна. Мөн еврогийн бүсийн тусламжийн багцад Их Британи хувь нэмэр оруулахгүй гэсэн баталгааг тэрбээр хүсжээ.

Дотоод журам: Европын Холбооны хүнд суртлыг Кэмероны Консерватив нам удаан хугацаанд буруушаасан бөгөөд хэт их дүрэм журам, ялангуяа, бизнес эрхлэхэд хамаатай журмыг багасгах зорилт тавихыг тэрбээр хүсэв.

Бүрэн эрхт байдал: Их Британи бүрэн эрхт байдлаа Брюссельд алдсан гэж Консерватив нам үзсээр ирсэн бөгөөд цаашдаа улс төрийн ямар нэгэн нягт холбоонд Их Британи элсэхгүй байх боломжийг Ерөнхий сайд хүссэн байна. Гишүүн орнуудын парламентууд Европын Холбооны хуулиас давуу эрх мэдэлтэй байхыг Кэмерон санал болгов.

Цагаачлал: Нийгмийн халамжийн тэтгэмж зэрэг “татах хүчин зүйл”-ийг багасгах замаар Европын Холбооны орнуудаас Их Британид шилжин суурьшигчдын одоогийн түвшнийг бууруулахыг Кэмерон зорьж байна. Их Британид 4 жил амьдрах хүртэл нь Европын Холбооны орнуудаас шилжин суурьшигчдад тэтгэмжийг олгохгүй байхыг тэрбээр хүсэж байна. Энэ хүсэлт хамгийн их асуудал үүсгэж буй бөгөөд Европын Холбооны гол зарчмуудын нэг болох ажиллах хүчний чөлөөтэй шилжилт хөдөлгөөнд нөлөөлж магадгүй хэмээн тус холбооны гишүүн орнуудын удирдагчид үзжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ