Турк ОХУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-21 11:42:53

АНКАРА. /Anadolu/. Хоёр улсын хооронд үүсээд байгаа улс төрийн хямралыг зохицуулахын тулд ОХУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

Нэг талыг баримталсан ОХУ-ын хориг арга хэмжээ болон тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины Туркийн эсрэг хандлагыг Давутоглу буруушаасан байна.

ОХУ-тай яриа хэлцээ хийж, санал солилцоход бид бэлэн байгаа боловч ОХУ ийм боломж олгохгүй байна гэж тэрбээр Истанбулд болсон Эдийн засгийн гадаад харилцааны зөвлөлийн зохион байгуулсан уулзалтын үеэр үг хэлэхдээ дурджээ.

Өнгөрсөн сард Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас хоёр улсын харилцаа муудаж, улмаар ОХУ Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна.

ОХУ-тай үүсээд байгаа улс төрийн хямралыг зохицуулах хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж бид харилцаагаа сүйрүүлж болохгүй гэж Давутоглу мэдэгджээ.

Харин өнгөрсөн пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турктэй хийх харилцаа сайжрах төлөв харагдахгүй байна гэж мэдэгдээд, “Лалын улс” бүлэглэлтэй нефтийн худалдаа хийж, “улсаа лалын шашинжуулж” байна гэж Туркийн Засгийн газрыг буруушаасан байна.

Туркийн эсрэг Путины хандлагыг Давутоглу буруушаагаад, түүний энэ байдал “төрийн тэргүүн хүнд байж болохгүй” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, “сарын өмнө Анталья хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа Туркийг лалын шашинтай улс гэж Путин мэдээгүй юм байхдаа? Туркийн гадаад бодлогын талаар ч Путин мөн мэдээгүй юм уу? Түүний хэлснээр Турк “Лалын улс”-тай хамтарч ажилладаг байсан юм бол Путин яагаад тухайн үед нь яриагүй юм бэ?” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-тай харилцаа муу байгаа энэ үед Украинд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенког Туркт урихаар төлөвлөж байгаа тухайгаа Давутоглу мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ