Хүнсний ногооны 130 сортод судалгаа хийжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-12-17 17:44:33

Манай улсын нэг жилийн хэрэгцээнд 180-аад мянган тонн хүнсний ногоо хэрэглэх шаардлага байдаг бөгөөд үүний 50 орчим хувийг дотоодоо үйлдвэрлэн үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг.

Дотоодод үйлдвэрлэж буй төмсний сортыг сайжруулах үүднээс ХХААЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 2004 оноос “Монгол төмс” хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж дуусчээ. Хөтөлбөрийн хүрээнд 2011 он хүртэл төмсний 60 гаруй сортыг судлан Герман, Голландын гаралтай долоон шинэ сорт нутагшуулж, хоёр сорт ирээдүйтэйгээр батлагдан үрийг нь үржүүлж 9 сорт гарган  тариаланчдад түгээжээ.

Мөн улсын хэмжээнд төмсний үрийн аж ахуйн системийг бий болгосон аж. Уг хөтөлбөрт 21 аймгийн төмс тариалдаг 252 сум хамарчээ. Хөтөлбөрийн хүрээнд 2012-2015 онд төмснөөс гадна 30 гаруй нэр төрлийн хүнсний ногооны 130-аад сортод судалгаа хийсэн байна. Эндээс хүнсний ногооны 8 сорт, 12 төрлийн эрлийз сортын үрийг дотооддоо тариалах боломж бүрджээ. Эл хөтөлбөр дууссан ч төсөл хэрэгжүүлэгч “Монголын хөдөөг шинэчлэх холбоо” ТББ 21 аймаг, 12 суманд байгуулсан салбараар дамжуулан үр сортыг нутагшуулах ажлыг үргэлжлүүлэх гэнэ.

 ХХААЯ-наас Швейцарийн хөгжлийн агентлагт хүнсний ногооны салбарт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал тавьснаар 2016 оноос эхлэн долоон жилийн хугацаанд Хүнсний ногооны төсөл хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн байна.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ