100 орчим иргэн архинаас бүрэн татгалзаж чаджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:41:01

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 275 иргэн архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзсан гэх мэдээлэл байна. Тэдгээрээс 98 иргэнийг архины хамааралгүй болсон хэмээн холбогдох албанаас үзэж байгаа аж.

Архидан согтуурлаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил газар авч, гэр бүл салалт ихсэж, ажилгүйдэл, ядуурал нийгэмд нүүрлэснээр аймгийн удирдлагууд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг баталж, архидалттай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол БОЭТ-д Сэтгэц, наркологийн төв байгуулсан явдал юм. 11 ортой тус тасагт 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 67 хүн хандаж, сэтгэц, наркологийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдгээр үйлчлүүлэгчдийн 27 нь архины хараат байдлын хам шинж, 26 нь шартах болон архи байнга үгүйлэх хам шинж, 14 нь архины солио туссан гэж оношлогдсон байна.

Энэхүү эмчилгээ, сувилгааны газраас гадна архинаас хамааралтай иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм. Аймгийн ЗДТГ-аас төрийн бус байгуулагатай гэрээ байгуулж, архидан согтуурахын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай сургалтыг аймгийн хэмжээнд байнга явуулж байгаа ба үүнд 10 орчим сая төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ